1. Азийн наадам
Азийн спортын арван наймдугаар наадам Индонез улсын нийслэл Жакарта болон Палембан хотод наймдугаар сарын 18-нд нээлтээ хийж, 16 хоногийн турш амжилттай үргэлжлэн явагдлаа.
Цар хүрээгээрээ Олимпийн наадмын дараа ордог энэхүү наадамд Ази тивийн 11 мянга гаруй тамирчин Индонез улсад хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Энэ удаагийн наадамд Хятад, Япон болон Өмнөд Солонгосын баг тамирчид медалийн тоогоор тэргүүллээ. Монгол Улсын баг тамирчдын хувьд 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медальтай 17 дугаар байрт шалгарлаа.
Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож түүхэн амжилт тогтоов.
Азийн наадамд төрийн дууллаа эгшиглүүлэн Аваргалсан тамирчид
Э.Бэхбаяр – Чөлөөт бөх эрэгтэйчүүдийн 57кг
Г.Нандинзаяа – Буудлага эмэгтэйчүүдийн 50м урт бууны 3 төрлийн дасгал
Г.Наранцэцэг – Самбо эмэгтэйчүүдийн -48кг
Э.Цэндбаатар – Бокс эрэгтэйчүүдийн 60кг
Дараагийн “Азийн спортын наадам-2022” тэмцээнийг Хятад улсын Ханжоу хотод зохион байгуулах ажээ.

2. Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо 10 дугаар сарын 06-18-ны өдрүүдэд Залуучуудын III олимпийн наадам зохиогдож буй билээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 206 улсын 4,000 гаруй тамирчид 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдлөө.
Монголын баг чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин оролцож, 2 мөнгө, 1 хүрэл, олон улсын холимог багийн төрлөөр 1 алтан медаль хүртэв. “Буэнос-Айрес – 2018” залуучуудын олимпийн наадмын эхний өдрүүдэд манай баг, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55кг-ын жинд Г.Тэмүүжин, эмэгтэйчүүдийн 52кг-ын жинд Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртээд байсан билээ.
Залуучуудын олимпийн наадмын нэгэн онцлог нь олон улсын холимог багийн төрлүүд зохиогддог билээ. 10 дугаар сарын 12-ны өдөр 10 метрийн хийн урт бууны олон улсын холимог багийн төрөлд Монголын тамирчин Э.Энхмаа, Унгар улсын тамирчин Залаан Пеклер нар нэг баг болон оролцож Алтан медаль хүртэв.
10 дугаар сарын 13-ны өдөр зохиогдсон Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд манай тамирчин Т.Оюун-Эрдэнэ нь Мексик, Румын, Кубын тамирчдыг ялж , Хятадын тамирчинд хожигдон, хүрэл медалийн төлөө Нигерийн тамирчныг 15:4 оноогоор ялж Залуучуудын олимпийн наадмын хүрэл медалийг хүртэв.
Харин эмэгтэйчүүдийн 43 кг-ын жинд барилдсан Б.Энхзул нь Египет, Молдов, Шинэ Зеландын тамирчдыг ялж, Энэтхэг, Азербайжаны тамирчдад ялагдан IV байрт шалгарав.

3. Монгол улсад байт харвааны спортын төрөл анх 1960 оноос хөгжиж эхэлснээр манай тамирчид “Мюнхен-1972”, “Монреаль–1976”, “Москва–1980”, “Сөүл-1988”, “Барселон–1992”, “Атланта–1996”, “Сидней–2000”, “Афин–2004, “Бээжин–2008”, “Лондон-2012”, “Рио-2016” Олимпийн наадмуудад цэц мэргэнээ сорьсон түүхтэй. 1971 онд Английн Йорк хотноо зохиогдсон Байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 30метрийн зайн төрөлд МУГТ Д.Дэмбэрэл алтан медаль хүртэж, Монгол улсаас Олимпийн спортын төрлийн анхны Дэлхийн аварга цолыг хүртсэн.
Монгол улсын түүхэнд анх удаа паралимпийн наадмаас алтан медалийг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав авчирсан билээ. “Дайчин чанар – Тэсвэрийн талбар” уриатай байт харвааны олон улсын стандартад нийцсэн “360” талбайн нээлтийн ёслол 08 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Байт харвааны 36 сум тус бүрээр 10 оноо харвахад рекорд оноо болдог бөгөөд олимп, тив, дэлхийн наадмуудад манай тамирчид 360 оноо харвахыг бэлгэдэж тус талбайг “360” хэмээн нэрлэсэн аж. “360” талбай нь 90 хүртэлх метр зайд харвах, 32 тамирчин зэрэг бэлтгэл хийх, хавар, зун, намрын улирлуудад гадаа бэлтгэл хийх саравчтай, олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах боломжтой аж.

4. “Содномпилжээ” гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай


“Рио 2016” паралимпоос хүрэл медаль авчирч ард түмнээ баярлуулж байсан МУГТ Энхбаярын Содномпилжээгийн хувьд энэ жил амжилт ололт дүүрэн жил болж өндөрлөлөө.
1. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр 107 кг-ын жинд 220 кг-ыг түлхэж түрүүлсэн бол Киргызстаны З.Оросбаев 200 кг-аар мөнгө, эзэн орны тамирчин Абдалла Алнаби 185 кг-аар хүрэл медалийн эзэн болжээ. Энэ жинд нийт 9 орны тамирчид өрсөлдсөн байна.
2. Финланд улсын Ванта хот Пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ
Насанд хүрэгчдийн 105 кг-ын жинд Э.Содномпилжээ 237.5 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болов. Тэрбээр тус амжилтаараа дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд дараагийн захиалгаа 242.5 кг болгон даалгавараа амжилттай гүйцэтгэснээр дэлхийн рекордыг нэг дор хоёронтоо шинэчилсэн байна.
3. Япон улсын Китакюүшюү хот Парапауэрлифтингийн Азийн АШТ
Уг тэмцээнээс МУГТ, Э.Содномпилжээ 107 кз-ын жинд өрсөлдөн Алтан медаль хүртлээ.
Тэрбээр алтан медалийг авахдаа дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөжээ. Э.Содномпилжээ өмнөх амжилтыг 4 кг-аар ахиулсан байна.
4. Индонез улс Жакарта хот Пара Азийн наадам
Парапауэрлифтинг -107 кг-ын жинд 244 кг өргөн Азийн дээд амжилтыг 5 кг-аар, Азийн наадмын пара пауэрлифтингийн амжилтыг 11.5 кг-аар ахиулж, дэлхийн рекордыг нэг кг-аар нэмжээ. Пара пауэрлифтингийн дэлхийн рекорд 5 жил эвдэгдээгүй байсан билээ.

5. Хоёр сарын зайтай Хос цохилт Азид 4, Дэлхийд ч ДӨРВӨН  түрүү


1. 2018.10.08 Г.Угалзцэцэг Азийн АШТ-ээс хос алтан медаль хүртлээ. Бодибилдинг фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнээс Ази тивийн дөрвөн удаагийн аварга болсон анхны Монгол бүсгүй тодорлоо.
Энэтхэг улсад Пурнад зохиогдож буй энэхүү тэмцээнд эх орноо төлөөлж Дэлхийн 3, Азийн 2 удаагийн аварга ОУХМ Г.Угалзцэцэг оролцож байгаа бөгөөд тэрбээр хос Алтан мeдалийн эзэн болж төрийн дууллаа эгшиглүүллээ.
2. Тайланд улс Чингмай хот 12 дугаар сарын 14-16-н Бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас оролцсон тамирчдаас Г.Угалзцэцэг 165 см өндөртэй классик +30 насны ангилалд дараалан түрүүлж хос алтан медаль хүртэж Монгол төрийн дууллаа хоёр дахин эгшиглүүллээ.
Тэр дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байгаа нь энэ бөгөөд хамгийн олон удаа ДАШТ-д түрүүлсэн Монголдоо анхны тамирчин гэгдэх болов. Г.Угалзцэцэг өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн дөрвөн удаа түрүүлсэн юм.
Мөн Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо нь дэлхийн аваргын хүрэл медальтны нэг болж ээжийнхээ үргэлжлэл болох ирээдүйтэйгээ харууллаа. Ноднин ээжийгээ Азийн аваргад гурав дахь удаагаа түрүүлэхэд Мойлоо охин мөн хүрэл медаль авч байсан юм.
Тэрбээр эх орондоо газардсан даруйдаа Алунгоо наадмын шилдгээр тодров. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ жил анх удаа эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор салбар, салбарын оны эмэгтэйчүүдийг шалгаруулж, урамшуулж, алдаршуулах “Алунгоо-2018” наадмыг өчигдөр /2018.12.20/ зохион байгуулж, Спортын салбарын оны шилдэг эмэгтэйгээр Г.Угалзцэцэг шалгарлаа

6. Чөлөөт бөх
Унгарын нийслэл “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга, “Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор нар чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудас нээлээ.

7. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах “Баку-2018” тэмцээн /ДАШТ/ Азербайжаны нийслэл хотноо энэ сарын 20-26-нд болж шилдгүүдээ тодрууллаа.


Монголын баг тамирчдаас эмэгтэй жүдочдоос 57 кг-д Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн -100 кг-д Л.Отгонбаатар, + 100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр нар шагналт Ү байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн шагналт ҮII байрт шалгарсан байна.

8. Оюун ухааны гайхамшиг


Ой тогтоолтын ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын Оюун Ухааны Академи, Ажнай Корпорацийн тамирчин, ОУ-ын Их Мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам “Хоёртын тоолол” төрөлд 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр боллоо.
Хоёр өдрийн дараах нийлбэр дүнгээр (13495 оноо) манай улсын баг гурав дугаарт бичигдэж байна.

9. МУГТ Нямбаярын Төгсцогт Доминиканы боксчин Клаудио Маррейро нар нэгдүгээр сарын 26-нд Нью Йоркын Брууклинд Barclays Center-т тулалдахаар болсон билээ. Тэгвэл тэдний хэн ялсан нь WBC холбооны 57,2 кг-ийн жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай тулалдах болсоныг албан ёсоор зарлажээ.

10. Мягмардуламын Нандинцэцэг
Сонирхогчдын Боксын Эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэг улсын нийслэл Дели хотноо амжилттай үргэлжлэн өнпдөрлөсөн билээ. 73 улсын 333 боксчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн ДАШТ ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг хүрэл медаль хүртэн бахдам амжилт гаргасан юм. Тэрбээр эхний хоёр өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө текникийн илт давуугаар ялан хүрэл медалийн төлөө шалгаран үлдсэн.
Тэрбээр Монголчууд АНХНЫ медалиа хүртэх эсэхээ шийдэх тулаанаа Мароккогийн Zohra Ez Zahraqui-тай хийн ялалт байгуулсан.
Хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх тулаанд Болгарын Стойка Петровад ялагдсан бөгөөд эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс медаль хүртсэн АНХНЫ тамирчин боллоо. АНХНЫ бүхний эхлэл болсон түүний хойноос олон олон тамирчин медаль хүртэх болтугай.

Бэлтгэсэн Ч.Амартүвшин