ОХУ-д зохиогдож буй ДАШТ дуулиан шуугианаар тасрахгүй байна. Өнөөдөр хамгийн том сенсаци Казань хотод дэгдлээ. 2014 онд дөрөвдэх Дэлхийн аварга цолоо авсан Германчууд хэсгээсээ шалгарч чадсангүй. Тэд өнөөдөр Өмнөд Солонгосын шигшээ багт 2:0 харьцаагаар хожигдов.

Германы шигшээ багийн дасгалжуулагч өнөөдөр гараанд Вернер, Горетцка зэрэг залуусаа гаргаж, Т.Мюллераа суулгасан байлаа. Тоглолтын эхний хагаст Германчууд олигтой довтолгоо ганцыг ч хийсэнгүй. Харин Солонгосчууд маш идэвх санаачлагатай байж, М.Нойерыг шалгаад авав.

Хоёрдугаар хагаст германчууд сэргэж эхэлсэн ч М.Өзилийн дамжуулалтыг чулуу болгох хүн олдсонгүй. Сүүлдээ Т.Мюллер, А.Гомес нараа оруулсан Германчууд найдвараа алдалгүй ээлж дараалан довтолсоор байсан ч өөрсдөө гоол алдлаа. Үндсэн цаг дуусан нэмэлт цаг 6 минутаар сунгагдсан ч Солонгосын баг булангийн цохилт хийн Ким Ён Гуан өөр дээрээ ирсэн бөмбөгийг хаалга руу оруулж дөнгөв. М.Нойер юу ч хийж амжсангүй. Гоол алдсан Германы хаалгач М.Нойер багийнхандаа туслах гэж урагшаа орсон ч Германчууд бөмбөгөө алдан Сон Хён Мин бөмбөгөө туун явсаар хоосон хаалганд гоол оруулав. Ингэснээр Германчууд 80 жилийн дараа анх удаагаа хэсгээсээ шалгарч чадсангүй. Харин БНСУ нүүр бардам нутаг буцах боломжтой боллоо.