ЗАХИДАЛ… бичих гэдгийг бараг мартаж дээ…Гэхдээ л захидал бичих аянд нэгдэж ХАНИЙНХАА ИЖИЙД захидал илгээж сууна даа.

Сайн байна уу? Ээж ээ!

Хувь тавилангийн ерөөлөөр тантайгаа учирсанаас хойш эдүгээ 25 жилийн нүүрийг үзэж 2 сайхан үрийнхээ ижий,таныхаа хайртай хүүгийн гэргий болон амьдралын эрээн барааныг гэгээн гэрэлтэй сайхан бүхнээр сүлэн амьдарч явна аа.

Хадам бэрийн үл ойлголцолыг мэдрээгүй өдий олон жилийг ардаа үдсэн нь ухаант буурал таны минь алсын хараатайнх байсан биз ээ. Жилдээ ганц ярьдаг ч сэтгэлдээ мөнх тээж явдаг тэнэгхэн охиныгоо уучлах биз ээ та минь. Хүмүүний амьдрал дандаа дардан замаар яваад байдаггүй болохоор бидний амьдралд сайн,муу сайхан, муухай холилдон өдгөө хүрсэн ч тандаа мууг дуулгаж явсангүй ээ охин нь. ХҮНИЙ ХҮНИЙГ ХАЙРЛАЖ БАЙЖ,ӨӨРИЙНХИЙГӨӨ ХАЙРЛУУЛДАГ агуу ухааныг танаасаа мэдэрсэн болохоор ХҮРГЭН, БЭРИЙНхээ ээж болсон хойноо тань шигээ л алсын хараа,ноён нуруутай явахыг хичээж байна даа охин нь.

Хадам гэж нэрлэх дургүй ээ

Бууралхан ижий минь таныгаа

Халуун дулаан хайраар чинь өлгийдүүлж

Буцахын тавиланг зөөллөж явна аа

“Бэр”-ээ гэж хялайж хараагүй

Хүүгээ гэж илүү хайрлаагүй

Билгэ ухаанд тань охин нь биширье…

хэмээн хэлэхийг хүсч энэ хэдэн мөртийг бичээд хадгалчихсан боловч нэг л тохироо нь бүрдэж өгөхгүй байлаа.

Намайг хүмүүн заяанд мэндлүүлсэн ижий минь бурханы хутгийг олох тэр үеийг эргэн санахад орчлон хөмөрсөн юм шиг л байсан сан… Ханийнхаа хайр,халамж их ухааны ачаар энэ бүхнийг даван гарч чадсан нь эргээд бодохнээ таны минь л ухаан энэ хүнд шингэснийх байжээ.

Цагаан сүүгээрээ тэжээж өсгөсөн ээжийгээ бурхан бумбын орон руу үдсэн ч,цагаахан сэтгэлээрээ тэврэн угтсан ижийтэйгээ учирсан минь тэр билээ…

Та минь олон олон жилийг бидэнтэйгээ хамт үдэж бас угтаарай…

Таныгаа гүнээ хүндэтгэв ОХИН ЧИНЬ

Товуугийн Нарангэрэл – Товуугийн Нарангэрэл