Гонгорын Хайдав нь 1925 онд одоогийн

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төржээ.Тэрбээр Монголын анхны дуурийн дуучдын нэг юм. Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, профессор цолтой. Уянга цээл (тенор) хоолойтой. Монголын болон дэлхийн томоохон романс, ари, дууриуудыг дуулсан ба тэрээр Зөвлөлтийн нэрт тенор дуучин Сергей Лемешевийн шавь юм.

1933 онд Их Хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгджээ. Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болжээ.

Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, профессор Г.Хайдав өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж 1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байжээ. Г.Хайдавын урын санд 700 гаруй дуутай ажээ. Наймхан настай, хөдсөн дээлтэй хүү Ленин клубт орос дуу дуулж олныг гайхашруулж байсан тэр цагаас 80 гаруй жил алтан тайзан дээрээ уянгат хоолойгоо цалгиан, дуугаа дуулж эгэл олноо баярлуулсаар ирсэн билээ. Ийнхүү Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн эрхэм бурхны орондоо заларчээ.

Ум сайн амгалан болтугай.