ДУУЛИАНЫ МӨРӨӨР


Г.Наранчулуун: Эмэгтэй хүн зовлон үзэх тусам бүсээ чангалж, нуруугаа эгцлээд, чанга алх гэж ээж минь сургасан

‘’Монголын дараагийн топ модель’’ уралдаант нэвтрүүлгийн нэгэн оролцогчийн ээжтэй цөөн хором ярилцснаа хүргэж байна.

-Боловсрол телевизээс зохион байгуулж байгаа уралдаант нэвтрүүлгийн оролцогч байсан загвар өмсөгч Ч агсны амь насаа алдсан хэрэгт та болон танай охин хамааралтай гэж нилээд шуугиан дэгдлээ. Гэтэл та нэг удаа л мэдэгдэл хийснээс өөрөөр чимээгүй байхаар хүмүүс улам их хардах шинжтэй байна. Цагдаагийн ерөнхий газраас хэрэгт хамааралгүй талаар мэдэгдэл хийсэн байна. Энэ талаар танаас асууж тодруулах гэсэн юм.


-Юуны өмнө талийгаачийн ар гэрийнхэнд дахин гүн эмгэнэл илэрхийлье. Хэрэгт хамааралтай гэх шуугиан дэгдээд байгааг эхлээд мэдээгүй явсан. Хүн хэлэхэд нь ямар хамаатай биш, цагдаагийн байгууллагаас шалгах л байлгүй гэж бодоод тоогоогүй.

Гэтэл гүтгэлэгүүд хэрээс хэтэрч, замбараагаа алдаж эхэлсэн. Хуулийн байгууллагаар нь явах ёстой гэж үзэн хэд хэдэн удаа очиж шалгуулсан, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс бидний зүгээс шалгаж дууслаа. Та нар нэр төрөө сэргээлгэхээр харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст ханд гэж зөвлөсөн. Олон газраар явлаа. Эцсийн дүнд Цагдаагийн ерөнхий газраас хэрэгт хамааралгүй гэсэн мэдэгдэлийг сая 12 сарын 25-нд хийлээ. Одоо нэг гайгүй болох байлгүй.

-Та мэдэгдэл хийсний дараа ч гүтгэлэг зогсоогүй, тайлбар шаардсаар байна.

-Уг нь тайлбар шаарддаг, авдаг газар нь цагдаагийн байгууллага. Тэнд өгснөөс хойш хэнд хамаатай юм гэж бодож явсан миний буруу байх. Фэйс ухаад, тайлбар хийгээд байх завтай хүн биш л дээ. Би уг нь ямар ч буруугүй, хамааралгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн юм л даа. Мэдээж хүмүүс ойлгосон. Хариуцлага гэдгийг мэдэхгүй, ухамсарлаагүй хүмүүс л гүтгэлэгээ үргэлжлүүлсэн.

-Одоо бол маанийн ерөөлийн талаар ярилцвал болно биз дээ.

-Гүжрийн өөдөөс хэлэх үг байдаггүй гэж. Хоёулаа ярилцаж байгаа юм чинь асууя. Чи маанийн ерөөл ямар учиртайг мэдэх үү. Хүний зурагны өмнө уншуулаад хүн үхдэг гэж мэдэх үү.

– Би ч бас тийм юм мэдэхгүй, хүмүүс юу яриад байгааг гайхаад байсын. Та ер нь аль хир шашин шүтдэг хүн бэ.

-Би шашинлаг хүн биш л дээ. Эцэг, эхээ л шүтэж, настан буурлуудаа асарч, хүндэлж явах, гэрийн ноён нуруу эр хүн л байдаг гэсэн л философитой хүн шүү дээ. Маанийн ерөөл уншуулаад л хүн үхээд байхыг үзсэн хүн байна уу. Ийм бурангуй үзэл хүмүүсийг харанхуй бүдүүлэг байлгах зорилготой манжийн дарлалын үед л байсан байх.
Намайг элдвээр хараагаад байгаа хүмүүсийг ямархуу хүмүүс байна вэ гээд фэйс руу нь орохоор нилээд олон эмч нар байна, бүү аав ээж нь эмч хүмүүс ч байхын. Хүн нас барах ямар процессоор явагддагийг мэддэг, хүний анатоми, физиологийг судалсан эмч нар энэ талаар гүтгэлэг хийгээд байхаар илүүтэй их гайхаж байгаа юм. Бас намайг шуналтайгаар нь дуудаад элдвээр хараагаад байсан нэг хүүхэн өөрөө байгууллагынхаа хөрөнгө, мөнгийг идэж шамшигдуулсан, шүүхээр шийдвэр гүйцэтгүүлж байхыг баримтаар нь олж мэдсэн. Үүнийг уншаад өөрийгөө хэлж байгааг мэдэх байх. Ер нь хүмүүс танихгүй, мэдэхгүй байж өөрсдийнхөө сэтгэхүйгээр хүнийг их гүтгэдэг юм байна гэдгийг л олж мэдсэн.


-Талийгаачийн ээж 2 ч удаа лайв хийхдээ таныг Боловсрол телевизэд хахууль өгсөн, бүтэн 1 цаг маанийн ерөөлөө уншуулсан гэж байсан. Та тэгээд хариу няцаалт өгөхгүй дуугүй л байх юм уу?

-Үрээ алдсан эх хүний зовлон дээр нь зовлон нэмээд юухэв л гэж бодохын, буруу ишилсэн сүх шиг зүтгээд байвал шүүхийн танхимд л үгээ хэлэхээс яахав дээ.
-Ээж, охидуудын уулзалтын талаар та яриач
-Ээж нар охидуудтайгаа уулзсан уулзалтыг хүмүүс телевизээр харах байх.

Талийгаачийг Улан-Үдийн оролцогч уу гэж би охиноосоо асууж байсан, үгүй ээ, Чамин-Эрдэнэ гэдгийн гэхэд нь хөөрхөн охин байна гэж бодоод л өнгөрсөн. Хэн гэдэг охидууд, хаана хаанаас оролцож байгааг ч мэдэхгүй байсан шүү дээ. Тэнд би цагаан идээний тавга засаад л очсон. Бүх асуудал дууссаны дараа сайхан танилцаж байсны хувьд эмээд нь сүү бариад очно гэж бодож байгаа.

-Охины чинь сэтгэл санаа нь ямар байна, их л гүтгүүллээ дээ. Нэвтрүүлэг завсарлах хооронд юу хийж байна вэ.

-Амьдрал ямар байдгийг, хар цагааныг ялгахгүй насан дээрээ өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд л явж байгаа охин шүү дээ. Олон зөв сэтгэлтэй хүмүүсийн сэтгэлийн дэмээр сайн байгаа. Их л сургамж авлаа даа. Энэ хугацаанд хичээлээ хийж байна, англи хэлээ давтаж байна, малгай, ороолт, цамц нэхэхийг зааж өглөө, нэг найз нь олон үйлдэлтэй оёдлын машин бэлэглэсэн, хоёулаа дадлага хийх гэж байгаа. Мэргэжлийн том номнууд уншаад тэмдэглэл хөтлөөд сууж байгаа охиноо харахаар ирээдүйд нь санаа үл чилээж, сэтгэл тавирдаг юм. Бас түүхэн ном их уншдаг, бид 2 саяхан монгол хатдын дүрээр бүтээсэн бүжгийн концерт үзсэн. Эмэгтэй хүн зовлон үзэх тусам бүсээ чангалж, нуруугаа эгцлээд, чанга алх гэж ээж минь сургасан, тэр зарчмаар л явж байна.
-Тэр машин цохиж байгаа бичлэг хүмүүст их буруу ойлголт өгөөд байна л даа.
-Тиймээ өөрөө ийм юм болоогүй шүү гэж тайлбарласан л юм. Манай охин энэ оны 1 дүгээр сард Америк руу тэмцээнд явсан.

Тэмцээний 1 даалгавар нь 2 минутын видео танилцуулга байсан, тэрийгээ Монстар студид ажиллаж байсан хүнээр бичүүлсэн, тэрний оронд мөнгө авахгүй ингээд хэлээд өгөөч гэхээр нь бичүүлчихсэн юм байна, өөрөөр хэлбэл бартер хийсэн хэлбэр л дээ. Тийм юм болсон бол одоо аль хэдийн цагдаагийн байгууллага шүүгээд он, сар, өдөртэй нь гаргаад ирсэн байлгүй. -Их баян айлын охин, 2 иргэншилтэй гэх юм.

-Аав, ээжүүд маань буянаа хайрлаад урт насалж байна, нөхөр, манай 2 тал олуулаа, бүгдээрээ л эзэмшсэн мэргэжилтэй, ажил төрөлтэй сайн явцгааж байна. Тэгэхээр баян л байгаа биз дээ. Баян айлын охин гэж зүглэх нь сонин санагдаж байгаа шүү. 2 иргэншил гэж Монголын ямар ч хуулинд байхгүй. Бид ер нь урдах ажлаа хийгээд мөрөөрөө л амьдардаг хүмүүс.

-Та энэ хэргийг юу гэж харж байна. Амиа хорлолт мөн, биш гээд л шуугиад байна.

-Би хөндлөнгөөс дүгнэлт хийх боломжгүй л дээ. Мэргэжлийн хуулийн байгууллага шалгаад дүгнэлтээ гаргана. Би харин нэг л юмыг баттай мэднэ. -Юу юм бэ, нууц биш бол? -Америкаас бичсэн гээд байгаа мэссеж. Хэн бичсэн, бичүүлсэн, ямар зорилготой вэ гэж асуулт хөвөрнөө дөө. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг. Энэ бол зүгээр л хэрэгт орооцолдож магадгүй гэсэн нэг хүний Одноо руу чиглүүлсэн башир санаа. Энэ санаа хол явахгүй л дээ.

-За хүмүүс охин та хоёрыг буруугүй гэдгийг ойлгосон байх. Танд хэлэх өөр зүйл байгаа бол.

– Цаг хугацаа бүгдийг харуулж байна. Өнөөдөр ярилцлага өгч байгаа зорилго бол би хэд хэдэн зүйлийг залуучуудад хандаж хэлэх гэсэн юм.

1-т: Сошиалд сэтгэгдэлд бичиж байгаа хүмүүсийн 99 хувь нь хуурамч хаягтай байна. Ингэж нэр, нүүрээ нуун байж хүн гүтгэж болохгүй, та нар бол Монгол улсын ирээдүй, ингэж төлөвшиж, муу бүхнийг дагавал ирээдүйгээ баллуурдаж байна. Ямар ч баримт нотолгоогүй хүн гүтгэж болдоггүй хуультай, олохоо болбол хаанаас ч та нарын хаягийг шүүрдээд л хаанаас ч олно.

2-т: Илэрдэггүй хэрэг гэж байдаггүй, Мэргэжлийн байгууллага нь туршлагатай хүмүүсээ ажиллуулж байгаа байх, хэрэг илрүүлэлт бусад орноос илүү байдаг нь монголчууд бие биенийгээ сайн таньдагтай холбоотой. Фэйсээр дүүрэн байгаа байцаагч, шинжээч, өмгөөлөгч, зохиолч нар мэддэг юм аа цагдаагийн байгууллагад нотолгоотой нь өгч тусал.

3-т: Хүн гүтгэж, дургүйг нь хүргэж янз бүрээр хэлүүлээд цагаачлалын албанд очиж иргэншил авах гэсэн зорилготой гадаадад амьдардаг хүмүүс их байдаг юм байна. Ийм юманд орооцолдов. Ялангуяа турхиралт хийж байгаа хүмүүс ямар нэгэн зорилготой нь тодорхой. Муу бүхнээс холуур яваарай, залуучууд минь. Тэгээд уншигчдадаа хандаж хэлэхэд шинэ оны гэгээлэг бүхнийг хүсэн ерөөе. Хуучин онд тохиолдсон муу муухай бүхэн ард хоцрох болтугай.