Нимгэн ороолт зангидаад залуу явсан ижийдээ

Нэвсийтэл орсон цаснаар мөрөө гаргаад очихсон

Сүүлчийн шувууд үдэхэд дандаа дулаалдаг ижийдээ

Сүрэг зээр дагуулан хурдхан алхаад очихсон

Цагаан манантай хөндийд чарга чирсэн ижийдээ

Цантсан сормуус норгосон нулимсаа залгиад очихсон

Хэзээч дааруулж байгаагүй үстэй дээлтэй ижийдээ

Хэний ч үгэнд оролгүй холоос гүйгээд очихсон

Хүйтэн өглөө босоод галаа түлдэг ижийдээ

Хөлдсөн голыг гатлаад жавар сөрөн очихсон

Ширүүн салхины аашыг сөрж л яваа ижийдээ

Шинэ жилийг хүлээлгүй одоохон гараад очихсон

Ай Ижий минь.

Ч.Чагнаадорж