Дөрвөн хүүхэд, өндөр настай ээжтэйгээ хамт гамшиг ослоос үлдэж чадсан тэрээр өнөөдөр ийнхүү сайн сайхан амьдарч байна. Чингэлтэй дүүргийн 12-р хороонд оршин суудаг түүнийг гэрээсээ гараад ердөө 10-аад минут болоогүй байхад гал авалцаж гэр нь шатсан юм. Энэ харамсалтай хэрэг өнгөрөгч 9 сард болж, тэрээр өмсөж байгаа хувцаснаасаа өөр зүйлгүй 80 гарсан буурай, 4 хүүхдийн хамт хоцорсон. Тэгвэл тухайн хүнд цаг мөчид ТВ5 телевиз сурвалжлага бэлтгэн Монгол түмнийг нэгтгэж чадсанаар томоохон хандивын аян өрнөж байсан юм. Тухайн цаг үед хувь иргэн, албан байгууллага бүр хандивын аянд нэгдэж байгаа боломж бололцоо бүрээрээ тусласнаар нийт 90 сая төгрөгийг цуглуулж чадсан.

Ингэж иргэн Батмөнхийх өргөө цагаан гэртэй болж гэрийн тавилга сэлт зэргийг ч албан байгууллагуудын хандив тусламжаар бүтээн босгосон.

Тэр цагаас хойш бүтэн улирал өнгөрөөд байгаа ч тусламж хэрэгтэй цагт нь халуун сэтгэлийн гараа харамгүй сунгаж чаддаг Монгол түмнийхээ буяныг мартаагүй яваа гэдгээ тэрээр дахин илэрхийллээ.

Олон нийтийн хандиваар орон сууцтай болсон тэрээр өөртэйгээ ижил зовлон амссан иргэн Гантулгад мөн олон нийтийн хандиваас тусламж үзүүлж байсан. Хилийн чинадад амьдарч байгаа иргэд ч Гантулгад туслах аянд нэгдэж нийтийг хамарсан томоохон үйл явдал болж байсныг үзэгчид мартаагүй биз ээ.

Монголчууд эвлэвэл бүтэж нийлвэл хүчирхэгждэг гэдгийн тод жишээ болсон иргэн Батмөнхийн хэрэг олон хүнд урам хайрлаж бусдыг гэсэн сайн сайхан сэтгэлийн тус дэм эзэддээ очих боломж гүүрийг нээж өгсөн юм.