Томчуудын мөнгө угаагч Тавантолгой дахин нэгэн охин компани төрүүлж, “өндөглөсөн” байх юм. Өндөглөх өндөглөхдөө бүүр алтан өндөг гаргажээ, янз нь. МАН-ын шинэчлэлийн хороо гэгчийг байгуулан хэсэгтээ л намаа шинэчилнэ хэмээн “самарсан” намдаа үнэнч залуу үеийн төлөөлөл болсон Олохонууд овогт Норовсамбуугийн Удаанжаргал гэгч уг компанийн гүйцэтгэх захирал гэхээр ямархуу “алтан өндөг” болохыг монголчууд надаар хэлүүлэлттгүй шууд ойлгож байгаа биз.


Үүсгэн байгуулагч нь Монголын төмөр зам, гүйцэтгэх захирал нь Н.Удаанжаргал гэгч томилогдож байгуулагдсан энэхүү “Таван толгой төмөр зам” компани нь  2018 оны 12 дугаар сарын 06-нд төмөр замын тээвэр, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, засварлах үйл ажиллагааны чиглэлтэйгээр ашгийн төлөө гэсэн төрлөөр  байгуулагдсан байх юм. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат, Юнион бюлдингт байрлах энэхүү цоо шинэ компанийн ард Ерөнхий сайдын маань нэр сүүдэртэж байгааг бас энд орхиж болохгүй учир дурдаад өнгөрөх нь зүйтэй санагдав.


Ингэхэд, “Таван толгой төмөр зам” ХХК-ийн захиралд “ногоон гэрэл”-ээр сонгогдсон Н.Удаанжаргалыг сонирхож буй хүмүүст зориулан “бяцхан” мэдээлэл өгөхөд, Монголын оюутны холбоо хэмээн их мөнгөтэй, бага нэртэй томоохон төрийн бус байгууллагын тэргүүн буюу ерөнхийлөгчөөр 2015 оноос ажиллаж байсан, хуучнаар Гадаадын иргэн харьяат, одоогийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэд дарга, Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын Гаалийн газрын даргаар тус тус ажиллаж байсан нэгэн.


Мөн 2016 онд “Монголоо аваръя” хөдөлгөөнийг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байсан, дараа нь МАН-ын шинэчлэх хөдөлгөөний гишүүнээр, түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аюуртсайханы дотны анд, эдүгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийн их ойрын хүн гэгддэг юм байна, түүнийг. Ах нараа дагаж гүйсээр  албан тушаалын бялууны амтанд орсон хэмээн улс төрийн хүрээнийхэн ч сэм шогчилдог ч Монголын оюутны холбооноос улс төрийн халуун тогоо руу орж ирсэн хэмээн хүлээн зөвшөөрөх нь ч цөөнгүй юм билээ.

 Үргэлжлэл бий…