Ганжуур гэдэг нь “Зарлигийн орчуулга” гэсэн төвд үг юм. Энэ нь бурхан Шакьямуни болон түүний шавь нарын туурвисан 110 боть их цоморлиг зохиол, судрын чуулган болно. Төвдийн алдарт номч мэргэн Бүдон-ринчиндүв тэргүүтэй хүмүүс 1320 оны үесээр дэглэсэн ажээ. Энэхүү Бурхны шашны оройн дээд ном Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бүрнээр нь урлажээ.

Хуучин Их Хүрээний Зүүн дацан буюу Дашчойнпил дацанд залагдаж байгаад тус дацан хаагдах үед Үндэсний номын сангийн сан хөмрөгт шилжүүлжээ.

Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд, 2013 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвд тус тус бүртгэжээ.