Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат “Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо 2018 оны 09 дүгээр сарын 21,22,23-нд “Corporate Convention Centre”-ийн концертын танхимд хийсэн билээ. Тоглолтонд түүний зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдсон бөгөөд Монголын сонгодог болон ардын урлагийн дуучид, бүжигчид, үндэсний язгуур урлагийн хөгжимчид, рок поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид оролцож нэгэн тансаг үдшийг үзэгчдэд бэлэглэсэн. Тэгвэл Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Хязгааргүйн цаана” амьд тоглолтоо сар шинийн баярын өдрүүдэд Боловсрол телевизээр дамжуулан фенүүддээ бэлэг болгон хүргэх гэж байгаагаа зарлалаа.

Тэрээр “Сайн байцгаана уу та бүхэндээ ирж буй цаг, сар шинийн баярын мэндийг хүргэн мэндчилж байна. Чинбаа миний хувьд өнгөрсөн он уран бүтээлийн олз омог дүүрэн, амжилттай, дурсамжтай сайхан цаг хугацаа байлаа. Хүсэл мөрөөдөл болсон “Хязгааргүйн цаана” тоглолтоо уран бүтээлч хамт олонтойгоо 3 өдрийн турш амжилттай тоглож, дуу хөгжимд уярсан, ухаарсан тоглолтоо өргөн барьжээ. Энэ жилийн хувьд ч хийж бүтээх ажил, уран бүтээлийн төлөвлөгөө, зорилго дүүрэн байна.
Оюун бодол, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан та бүхэндээ толилуулсан

“Хязааргүйн цаана” тоглолтыг минь хамтран бүтээсэн бүх уран бүтээлчид, хамтран ажиллагч, дэмжигч байгууллагууддаа дахин талархая. Тун удахгүй шинэ тоглолтоор дахин уулзацгаая. Баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээжээ. Ийнхүү энэ жилийн сар шинийн баяраар Чинбаа фенүүддээ үзэж амжаагүй тоглолтоор нь бэлэг барьж байгаа юм байна.