Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлүүдийн талаар хэвлэл мэдээллээр хангалттай гарч байгаа билээ. Тэр байтугай АТГ-ын дэргэдэх ОНЗ-ын дарга Г.Баасан: “Хуулийг биелүүлэгдэггүй дарга олон байна. Түүний нэг нь Г.Гантөмөр. Г.Гантөмөр өөрийнх нь хууль бус үйлдлийг хаацайлдаг хүмүүст давуу эрх олгож байна. Сүлжээгээр гэмт хэрэг хийдэг, түүнийгээ нуун дарагдуулдаг хүмүүсээ багаар нь дээш нь татаж төрийн ажлыг гутааж байна. Үүнийг дардаг хуулийн байгууллагын хүчин чадал муудсан байна. Энэ авилгатай холбоотой” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.
Г.Гантөмөртэй холбоотой асуудал одоо ч хуулийн байгууллага дээр үргэлжлэн явагдсаар байгаа хэдий ч энэ этгээд албан тушаал дээрээ суусаар л байгаа. Магадгүй албан тушаалаа өгчихвөл хууль бус үйлдлүүд нь илчлэгдчихнэ гэж бодож зууралдаад байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Дарга нар албан тушаалаа өгөхгүй хэмээн яаж гүрийж болдгийг манай томчууд сүүлийн үед хангалттай харуулж байгаа.
2018 онд 60 нас хүрсэн Г.Гантөмөр даргын тэтгэвэрт гарах эрх нь үүсчихсэн байгаа. СХЗГ ер нь залгамж халаа, боловсон хүчин дутагдсан салбар гэж харагддаг. Учир нь 2017 онд тэтгэврээ тогтоолгоод ажлаасаа гарсан ч Г.Гантөмөр даргын тушаалаар ажилдаа эргэж ороод одоог хүртэл СХЗГ-т ажиллаж төрөөс тэтгэвэр, цалин хоёрыг зэрэг аваад явж байгаа Ц.Энхбаатар гэгч бас байна. Энэ талаар зарим хүмүүсээс нь тодруулахад Ц.Энхбаатарын ажлыг хийх чадалтай боловсон хүчин Монголд хангалттай байгаа. Харин тэд ажилд орох, орсон хойноо шударгаар өсөж дэвшээд явах боломж нь дутагдаж байна. Энэ нь тухайн байгууллагын дарга хир шударга, зөв хүн бэ гэдгээс шууд шалтгаалдаг гэсэн юм. СХЗГ-ыг хувьд сүүлийн жилүүдэд энэ салбарт огт ажиллаж байгаагүй хүмүүс гаднаас орж ирээд л шууд л дарга сэтэртэй албан тушаал дээр очдог, эсвэл богино хугацаанд дэвшээд дарга болчихдог нь нууц биш юм.
Олон жил даргын зөөлөн суудалд тухалсан Г.Гантөмөр та мэргэшсэн залуу халааг шат дараатай бэлтгэх талаар юу хийв? Эсвэл энэ салбарыг залгамж халаагүй болгох нь танд ашигтай байна уу?