Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын авлигын хэрэгт холбогдуулан “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг АТГ-аас байцааж саатуулсан билээ. Мөн прокурорын зөвшөөрлөөр түүнтэй холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Д.Баясгалангийн цагдан хориог сунгах эсэхийг өнөөдөо Хан-уул дүүргйин эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдлээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 23 -ний өдөр Нийслэлийн прокурорын газраас 1 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд Д.Баясгаланг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 268.2 дахь хэсэгт зааснаар Д.Баясгаланг шалгаж байгаа.  Эрүүгийн хуулийн  268 дугаар зүйл. Хээл хахууль авах тухай заасан бөгөөд энэ зүйлийн 2 дахь хэсэгт “268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Д.Дорлигжав “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд нарын хоорондох дөрвөн сая ам.долларын тооцооны зангилааг тайлах цорын ганц хүн нь “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан юм. Дөрвөн сая ам.долларын зарлага гүйлгээг “Голомт” банкаар хийсэн байдаг бөгөөд энэ талаар тэрбээр “Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж байв. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан түүнийг шалгаж эхэлсэн байна.