Хөлбөмбөгийн ДАШТ амжилттай үргэлжилж хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. “Н” хэсгийн Сенегал – Колумбын шигшээ багуудын тоглолт өчигдөр Самара хотын “Самара Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж Колумбчууд 1:0 харьцаагаар ялалт байгуулав.

Сенегалд тэнцээ авахад хангалттай бол Колумбын шигшээ багт заавал хожил хэрэгтэй байсан. Колумбын шигшээ багийн тоглогч Мина энэ үүргийг 74 дэх минутад амжилттай гүйцэтгэж багтаа хожил авчирлаа. Тэрбээр булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг амжилттай мөргөн гоол оруулсан нь энэ тоглолтын цорын ганц гоол болсон юм.

Колумбын од Х.Родригес өнөөдөр талбайд гарсан ч хангалттай тоглолт үзүүлж чадсангүй, сэлгээнд суув. Харин Сенегалчууд тоглолтын эхний үед хэд хэдэн аюултай довтолгоо хийн гоол оруулах шахлаа. Колумбын хамгаалагч К.Санчес С.Манег зөв хамгаалаагүй бол 11 метрийн торгуулийн цохилт хийхээр байсан. Шүүгч бичлэг ухрааж үзсэнээр энэхүү аюулаас Колумбчууд аврагдсан юм. Үлдсэн цагт Сенегалчууд гоол хийхээр хичээсэн ч амжилт олсонгүй. Ингэснээр Колумб 6 оноотой хэсгээ тэргүүлж, Сенегал олон шар хуудас авсаны балгаар Японы ард гуравт бичигдсэнээр тэмцээнээ өндөрлөв.