Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн шинийн нэгний өглөө /2019.02.05/ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Монгол түмний сүлд хийморийн билгэдэл Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн сайны ерөөлтэй үг хуучилж айлсан ирж буй шарагчин гахай  жилийнхээ өөдрөг өнгийг хэлэлцэв.

Төрийн гурван өндөрлөгийг ийнхүү ярилцсаны дараа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, төр түмэндээ өргөх айлтгал магтаалыг аялгуулсан бөгөөд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Төрийн хүндэтгэлийн өргөөнд морилон ирж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай золгон бараалхав.

Билэг ерөөл дүүрэн өрнөсөн Төрийн золголтын зургуудаас хүргэж байна.