Алдартай хүн бүрт итгэж, дагаж дуурайх шаардлагагүй. Учир нь тэд ч гэсэн гэмт хэрэгт холбогдож ял авч байсан байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олны танил болсон хүмүүсийн хэргүүдийг бид “Алдартнуудын хэрэг” булангаар оруулж байгаа билээ. Энэ удаад Флаш хамтлагийн дуучин Г.Мягмарцэнд буюу Мийгаа 12 удаагийн залилангийн хэргээр ял сонссон хэргийг хүргэж байна.

Нэгэн цаг үед хит дуунуудынхаа ачаар од болсон “Флаш” хамтлаг өнөөдөр ор сураггүй алга болсон гэж хэлж болно.

  1. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Э.Б-с … улсын виз гаргаж өгнө, чамайг “…” нэртэй хамтлагийнхаа бүжигчнээр элсүүлэн авч … улс руу тоглолтоор хамт авч явна гэж … тоот дансаар хүлээн авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2016 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд иргэн Р.Б-с “таны хоёр хүүхдийг “…” нэртэй хамтлагт гишүүнээр элсүүлж аваад … улс руу авч явна, бичиг баримтуудыг нь бүрдүүлж өг” гэж 5.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2016 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд иргэн Б.М-с “… улсын виз гаргаж өгнө, хамтлагт гишүүнд багтааж авч явна” гэж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
  4. 2016 оны 9 дүгээр сард иргэн Ч.У-с “… улс руу гаргаж өгнө. “…” нэртэй хамтлагт гишүүнээр элсүүлж байгаад … улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
  5. 2016 оны 10 дугаар сард иргэн Ц.О түүний эхнэр С.О нарт “… улсын виз гаргаж өгнө, манай хамтлагаараа … улс руу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тоглолтоор явна, манай хамтлагийн нэр дээр явчих, урилга захиалж өгнө” гэж 4.915.000 төгрөгийн хохирол учруулсан,
  6. 2017 оны 01 дүгээр сард иргэн Ж.У-д “… улс руу хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж авч явна, … улсын элчингийн газарт таньдаг хүндээ мөнгө өгнө” гэж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
  7. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д.А-с “… улс руу гаргаж өгнө, “…” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад … улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
  8. 2016 оны 12 дугаар сард иргэн Б.Н-н ээж М.Э-с “… улс руу гаргаж өгнө, “…” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад … улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
  9. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн С.Э-с “… улс руу гаргаж өгнө, “…” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад … улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
  10. 2016 оны 12 дугаар сард ирган Л.Д-г “… улс руу гаргаж өгнө, “…” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад … улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
  11. 2016 оны 12 дугаар сард иргэн Г.Г-с “… улс руу гаргаж өгнө, “…” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад … улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
  12. 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын хооронд иргэн С.Б-с “… улс руу гаргаж өгнө, “…” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад … улс руу тоглолтоор явахдаа авч явна, … элчингийн газар руу орж виз авах гэж байна” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 5.000.000 төгрөгийг залилан мэхэлж авч бусдад нийт 37.565.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Флаш хамтлагийн дуучин Г.Мягмарцэнд буюу Мийгаа  шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар: ”…урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна…Тус бүрт нь урилга захиалсан байсан. Хохирогч нар урилгаа авч байсан. 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тоглолт хийхээр товлосон байсан. Гэвч хэт олон хүн гэдэг үндэслэлээр цуцлагдсан байгаа…Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. “…” хамтлаг үйл ажиллагаагаа явуулж байгаад оны өмнөөс больсон байгаа…100.000 төгрөг төлөхөөр шүүх хуралдаан дээр авчирсан боловч хохирогч Л.Д ирээгүй байна. Хохирогч Л.Д-тай сая шүүх хурлын өмнө утсаар холбогдсон. Хохирогч Л.Д-д 100.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Би Э.Б-с 1.500.000 төгрөг аваад 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Э.Б хүүний 400.000 төгрөг нэхэмжилсэн байсан…” гэж мэдүүлсэн байдаг.

Хан-Уул дүүргийн шүүхээс энэ хэргийг 2018 оны 02-р сарын 13-ны өдөр хэлэлцэж ял оноосон байдаг. Өөрөөр хэлбэл 37 565 000 төгрөгийн хохирол учруулсан этгээдэд 500 000 төгрөгөөр торгх ял  оноосон байна.

Тодруулбал, Флаш хамтлагийн дуучин Г.Мягмарцэнд буюу Мийгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэсэн юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, мөн түүний хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар өөрийн зүгээс идэвхтэй арга хэмжээ авч хохирогч Э.Б, Д.А, Ж.У, Ц.О, С.О, С.Э, Г.Г, Р.Б, Б.М, Ч.У, С.Б, Б.Н /М.Э/ нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн хохирогч Л.Д-д учирсан 2.500.000 төгрөгийн хохирлоос 2.400.000 төгрөгийг төлж 100.000 төгрөгийн үлдэгдэлтэй, уг хохирлын мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч Э.Б, Д.А, Ж.У, Ц.О, С.О, С.Э, Г.Г, Р.Б, Б.М, Ч.У, С.Б, Б.Н /М.Э/ нарт хохирол барагдуулсан болон тэдгээрийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, түүний хувийн байдал зэргийг харгалзан Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч Г.М-с 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Д-д олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн байна.

37 сая төгрөг залилаад 500 мянган төгрөгөөр торгуулсан “Флаш” хамтлагийн Мийгаагийн хэрэг ийнхүү шийдвэрлэгдээд өнгөрсөн юм.

Олон нийтийн өмнө биеэ зөв авч явах ёстой хүн ийнхүү шүүхээс ял сонсч байгаагаас уншигч та дүгнэлт хийнэ биз ээ… Бид цаашид олны танил хүмүүсийн холбогдсон хэргийн талаар хүргэсээр байх болно.