Энэ сарын 16-ны өдөр 16:50 цагт БГД-ийн 16-р хороонд байрлах “С” зочид буудлын гадаа  нэг эмэгтэй  “Буудалд хонох гэсэн юмаа. Машинаасаа мөнгө аваад ирье” гээд өлгийтэй хүүхдээ бусдад орхиод явсан хэрэг гарсан байна.  Өлгийг задлахад 14 хоногтой охин хүүхэд байжээ. Хүүхдээ орхиод явсан энэ хэргийг  одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм. 

2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэчилсэн хуульд заасанчлан хүүхдээ “хаях, төөрүүлэх” гэсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “зорчих эрхийг таван жил хорих, таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байна. Тодруулбал,

16.3 дугаар зүйл. Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх

1. Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Тиймээс охид бүсгүйчүүд төрүүлсэн үрээ төөрүүлж, бусдад орхихгүй байж, улсын асрамжид өгөх боломжтойг сануулж байна. 

Эс бөгөөс хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй тул өөрийгөө болон бусдыг энэ гэмт хэргийн золиос болохоос сэргийлнэ үү!!!