Хүн нас барахаар “Ум сайн амгалан болтугай” гэж хэлдэг. Тэгвэл “Ум сайн амгалан болтугай”  гэж биш “Ум ма ни бад ми хум” гэж хэлэх  нь зүйтэй ажээ. Энэ талаар  Буддын соёлын Махагала нийгэмлэгийн тэргүүн, докторант М.Тэгшбаяр mnb.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурьджээ. 
Нэг талаас насан өөд болсон тухайн хүнийг өрөвдөж хайрласан, харамссан сэтгэлээр ийн хэлж байгаа гэдгээс нь харвал буруу гэх нь хэцүү. Гэвч энэ үгний үндсэн утга санааг мэддэг хүний хувьд жаахан хачирхалтай санагддаг юм. Ихэнх хүн “Ум сайн амгалантай болтугай” хэмээх энэ үгний утга учрыг мэдэхгүй эсхүл мэдэх шаардлагагүй байж болно. “Ум сайн амгалан болтугай” гэдэг нь жаахан хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг л дээ. Аз жаргал, аливаа сайныг хүсэх ерөөл гэж ойлгож болно. Хүн насан өөд болсон мөчөөс наад зах нь хэдхэн хором, цаад зах нь 49 хоногийн турш “Бардо” буюу махан биеэ орхиж, хайртай дотны хүмүүс, дасч ижилдсэн гэр орон, үр хүүхдээсээ салж хагацаад айж цочих, төөрч эндүүрч төөрөх, өлсөх цангах зэрэг олон зовлон эдлэн явдаг учиртай. Энэ үе нь бурхан болоочийн хойдын буянд зориулан уншсан ганц эрхи маань, өргөсөн зул, өглөг буян нь машид хэрэгтэй чухам алдаж боломгүй үе тул олон түмэн буянд нь зориулан ямар ч үр дүнгүй “Ум сайн амгалантай болтугай” гэдэг үгийг хэлж байснаас уншсан, сонссон, даган баяссанаараа далай их буяныг хураах “Ум ма ни бад ми хум” хэмээх Аръяабал буюу Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг уншиж байвал тухайн өөд болоочид маш хэрэгтэйгээс гадна уншиж буй хүнд ч буян хурдаг учиртай. Ингэж уншихдаа маанийн тус эрдэм, ач тусыг мэдэж гүнээ сүсэглэн уншваас зохилтой.
Хүн насан өөд болсноор бүр мөсөн үгүй болчхож байгаа хэрэг биш, дараа дараагийн төрөлдөө амьдрал нь үргэлжилдэг гэдгийг мэддэг тул эмгэнэл илэрхийлэх хэмээх зан заншил Монгол ахуйд байсангүй. Харьцангуй хожим буюу соц нийгмийн үеэс нэвтэрсэн заншил юм. Өрнийн хүмүүс “Гүн эмгэнэл илэрхийлье” гэж хэлдэг нь хүлээж авч буй, хэлж буй хэн хэндээ их амар байж. Манайд шинээр нэвтэрсэн энэ заншил нь яг тохирох үг үгүйгээс болсон уу эсвэл шашинлаг, уламжлал ёсыг хадгалсан мэт санагдах тул “Ум сайн амгалан болтугай” гэж хэлдэг болсон байх талтай. Энэ үг нь номын ёсонд бол сайн сайхан болохыг бэлгэдсэн утгатай үг. Уг нь Монголчууд эртнээс насан өөд болоочийнхоо болон таних мэдэхгүй, хар элгийн хүн байсан ч хамаагүй хойдын буянд нь зориулан маань уншдаг байсан. Энэ нь тухайн насан өөд болоочид чухам амьсгалах ус, агаар шиг сайн төрлийг олоход тустай.