Тусгаар улсын билэгдэл болсон Төрийн далбаагаа хашаа харж байрладгийг мэддэггүй төрийн өндөр албан тушаалтан байна гэвэл та итгэх үү?

Дунд сургуулийн сурагч ч Монгол төрийнхөө далбааг хараад л зөв бурууг нь мэднэ. Гэтэл Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр гадаадад олон улсын хурал семинарт оролцож байхдаа доошоо харж байрласан төрийн далбааны өмнө бахархалтай гэмээр инээмсэглэн зургаа татуулж өөрийн фэйсбүүк хуудсандаа байрлуулсан нь олон нийтийн сүлжээгээр тарж, шүүмжлэлд өртөөд байна.

Гараа хальтхан сунгаад л далбаагаа зөв болгоод засахын оронд ийнхүү уруугаа харсан төрийн далбаагаар өөрийгөө чимсэн зургаа олон нийтийн сүлжээгээр тарааж Монгол төрийг доромжлон суугаа Г.Гантөмөр та Монгол хүн мөн үү?

Олон улсад Монгол төрийг төлөөлж яваа төрийн өндөр албан тушаалтан хүн ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгааг уучилж хэрхэвч болохгүй, түүнийг төрийн албанаас хөөсөн ч багадахаар үйлдэл гэдгийг учир мэдэх хүн ярьж байна.

Энэ зургийг харсан нэгэн иргэн уруугаа харсан Монголын далбаагаа машин дээр зогсоод зөв болгохоор зогсож байгаа Монгол залуугийн зургийг Г.Гантөмөртэй харьцуулж олон нийтийн сүлжээнд тавьсан юм.

Тиймээ Монгол хүн л бол хаана ч явсан Монгол төрөө, эх орноо хайрлаж, дээдэлж явдаг гэдгийг эгэл нэгэн залуу харуулж байна. Харин СХЗГ-ын дарга Г.Гантөмөрт тэгэх сэтгэл дутав уу?

Ташрамд дурдахад СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлүүдийн талаар олон баримт нотолгоог хэвлэл мэдээллээр дэлгэсэн боловч хууль хяналтынхны зарим ажилтны хариуцлагагүй үйлдлээс болж энэ хэрэг шийдэгдэхгүй удаж байгаа. Дарга нарт хууль үйлчилдэггүй гэдгийн нэг жишээ энэ байх гэж хардахал хүргэж байгаа юм.