Хамгийн олон бяцхан дуучныг тайзан дээр “төрүүлсэн” Э.Чулуунчимэг

Ээж аавдаа эрдэнийн чулуу, энхрий охиндоо гоёлын чимэг, шигтгээ болсон сайхан ээж, сайн хөдөлмөрч, шаргуу МУСТА Э.Чулуунчимэг өчигдөр орой “Бүсгүй ертөнц” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо түмэн олондоо өргөн барьж, уран бүтээлийн тайлангаа тавьж, өндөр үнэлгээ авлаа.

Тоглолт эхлэхээс өмнө UB паласын гадаа битүү машин, хүмүүсийн хөл хөдөлгөөн их. “Билет авна, зарна” гэх шагчид цагаан хоолойноос дутахаархгүй дуугарч байна билээ. Нэмэлт суудал буюу урдуур тухлаад үзэх боломжтой тасалбарын үнэ 80 мянгад хүрч “талийв”…Арай ч дээ нээрээ гэж уур хүрч цухалдсан ч аяа Чулуунчимэг ард түмний дуучин болжээ, эрэлт хэрэгцээ ихтэй юм байна даа гэж дотроо бодов. Шагчид бүр мэргэжлийн гэж хүмүүст суудлын схем харуулж байгаад билетээ зараад байгаа юм чинь.

“Хэдэн билет байгаа юм хэдэн төгрөг ч хамаагүй авах гэсэн юм. Билет зарагдаад дууссан байхад хөдөөнөөс орж ирлээ. Яаж ийж байгаад үзмээр байна аа” гэж үглэн холхих хүмүүс ч олон харагдав. Ээ дээ, Чукагийн эрхэмсэг төрхийг нь харж, эгэлгүй цээл тунгалаг хоолойг нь сонсох гэж ирсэн фэнүүд нь яах аргагүй мөн бололтой.

Хоёр жилийн өмнө “Зүгээр л инээмсэглэ” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж байсан Чука маань энэ удаад шат ахиж, хүрээ нь томорсон нь илт харагдаж байв.
Энэ удаагийн тоглолт өнгө үзэмж шинэлэг, утга төгөлдөр, агуулга том болов. Өөрийгөө илэрхийлж, бусдаар дүгнүүлэх “Бүсгүй ертөнц” тоглолт сүрлэг хөгжмийн аянд хаад хатдын монгол бүжгээр эхэлсэн нь сүрдмээр бас биширмээр.

Удалгүй араас нь “Хатан туул” хамтлагийн гоёмсог залуусын дунд цэцэг мэт дэлгэрч гарч ирсэн дуучин маань “Санаандгүй учирсан дурлал” дуугаа эхлүүлэв. Гэхдээ тэрбээр өөрийнхөө дуунуудаараа попури хийсэн байлаа. Тайз дэлгэц нь ямар ч тансаг юм бэ. Өөрөө ч ямар эрхэмсэг бүсгүй вэ. Хажууд суусан найз маань “Эмэгтэй хүний бүхий л гоё шинжийг өөртөө агуулсан бүсгүй юмаа” гэж байн байн уулга алдаж, амаа даран биширч гайхна.
Чука ээж аавыгаа, эх орноо, эрэмгий дайчин эрсээ, эгэлгүй гоёмсог бүсгүйчүүдээ, энхрийн бяцхан үрээ, эвлэрч нийлдэг итгэл, сэтгэл хайрыг, дуунд дуртай дүүрэн заяатай монгол түмнээ магтан дуулав.

Хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил гэдэг их сайхан. Дээр нь авьяас нь гялтгаж гялайна гэдэг гоё юмаа.
Чукагийн унасан газар, угаасан ус бол монгол орны төв цэг болох Өврийн сайхан хангай нутаг билээ. Нутгийн яруу найраг эгч Б.Ичинхорлоо тоглолтыг хөтлөн явуулах, хөгжөөн цэнгүүлэх хүндтэй үүргийг хүлээсэн байв.
Бүсгүй хүн гэдэг ертөнцийн ижий, бүүвэй аялсан хайрын ертөнц юм байгаа. Тиймээс яруу тансаг бүсгүйчүүд ямагт мандах ёстой байдаг байх. Бас уярам яруухан, ухаантай гэдгийг илэрхийлэхээр “Зөөлөн гуниг зүрхэнд хурсан ч би чамайгаа хайрламаар” гэж дуулсан нь эмэгтэй хүний уучлал, ухаарал, хүндлэл, хайр ямар агуу юм бэ гэж бодогдохоор.

Ер нь Чулуунчимэгийг их нямбай, чамбай уран бүтээлч гэж хэлнэ. Аливаад хандаж байгаа хандлага, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээс нь харагдана даа.

3000 хүний суудалтай танхимыг 4000 хол гарган давуулсан байв. Суудалгүй үзэгчид олон зүгээр л эгнээд зогсчихсон байгаа юм чинь. Тэдний дундаас хамгийн гоё агшин бол хараагүй олон иргэд нэг нэгнээсээ хөтөлчихсөн орж ирээд суудалд тухлав. Тэд нүдээрээ харахгүй ч зүрхээрээ, сэтгэлээрээ Чукаг сонсохоор ирсэн нь ямар гоё гээч.
Тоглолт дээрээ олон шинэ уран бүтээл “төрүүллээ”. Яруу найрагч Б.Болорцэрэн, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалтай хамтарч гурвуулаа олон дуу хийжээ.
Тухайлбал, Б.Болорцэрэний шүлэг Авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогч Д.Бердибек аялгууг нь хийж, өөрөө хамтарч дуулсан “Бидэн хамтдаа” дуугаа дуулж сонирхуулав. Их гоё аялгуутай, цоглог хэмнэлттэй дуу болжээ.

Эгэлхэн бүсгүй ариун хэвлийд эх орон бүгдээрээ багтдаг гэгчээр гоё ногоон цэргийн хувцсаар гангарч тайзан дээр гарч ирсэн хоёр бүсгүй “Уул дагасан чамайгаа, ус гатлавч чамайгаа” хэмээн “Чамайгаа дагана” дууг найз А.Түмэн-Өлзийтэйгээ хамтран дууллаа. 10 жилийн өмнө амьдралын замаа холбож нөхөрлөсөн анд найзтайгаа цаашдаа олон дуу дуулах байхаа.

Чука урлагийн тогоонд их сайхан ижийтэй болжээ. Гавьяат жүжигчин Одмаа одоогоос 25 жилийн өмнө “Санаж явах ижий” дуугаа дуулж, тухайн үед “Хүсэлтийн хариу” ая дууны нэвтрүүлэгт хамгийн олон саналыг авч байсан гэдэг.
Тэгвэл энэ дууг гавьяатын зөвшөөрөлтэйгээр 25 жилийн дараа шинэчлэн дуулжээ. Тайзан дээр тэд хамтран дуулав. Гавьяат Чукаг “Нийтийн дуучдын дунд нэг алхмаар алхаж яваа дуучин” хэмээн магтаад авна лээ. Тэд цэрэг эх орны сэдэвтэй “Турьхан биедээ шинель өмсч, Тушаал дагасан байлдагч байлаа “ хэмээн “Дайны жилийн сувилагч” дууг ч хамтрав.

Монгол түмэн дуучин ээжүүдийг дэмжиж, танхим дүүрэн алга нижигнүүлэв. Утга төгөлдөр, эх орон болсон цэрэг ээжүүдэд баярлалаа гэж хэлмээр санагдав.

Э.Чулуунчимэгийн бас нэг гоё уран бүтээл бол сэтгүүлч Г.Тэгшжаргалын бичиж, аялгууг нь Б.Мөнхжаргал эгчийн хөглөсөн “Эрхэмсэг” дуу билээ. Энэ удаад тэрбээр өөрөө дуулсангүй. “Мотив” хамтлагийн Ганбаа үзэгчдэд сонирхуулав. Гэхдээ “Эрхэмсэг” дуу нь их зан гаргаад жаахан будилав.

Энэ хооронд нутгийн яруу найрагч эгч Б.Ичинхорлоо “Арвайн шар тал” шүлгээрээ цацал өргөж, Чукагийн уран бүтээлийн зам дардан байхыг ерөөв.

Бүсгүй хүний үндсэн үүрэг, хэмжээлшгүй их жаргал бол “Ээж” болох. Тиймээс ч “Бүүвэй” нэртэй шинэ дуу дуулжээ. Танхимд аягүйгээр дуулж сонирхуулав. Эх хүн бүр бүүвэй аялдаг. Тэгвэл чихээрээ биш зүрхээрээ сонсоход бүүвэй аялсан өдөр хоногоо өөрийн эрхгүй санаж, үрээ бодож байгаа юм чинь. Хөгжмийн аягүйгээр их сайхан хөнгөхөөн аялчихсан шүү дээ. Танхмыг бүүвэйн дуугаар мэлмэрүүлчихсэн.

Нэг шүүмжлэлтэй хандахад, арын алба буюу дууны найруулагч нар жаахан хариуцлагагүй ажиллаж, хөгжим алдаж будилсныг эс тооцвол их сайхан тоглолт болсон.
Чукаг тогтож сонсохоор нэг тийм торгон, уян зөөлөн хоолой сонсогддог юм билээ.

Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал, яруу найрагч Б.Болорцэрэн хоёртай их сайхан олон дууг гар нийлж хийжээ.

Сүүлийн үед хит болоод байгаа “Хамгийн гоё хайр”-ыг ч ээж охин хоёр энэ хоёртой хамтарч урласан юм. Дотоод сэтгэлээ мэдэрцэн гурав гэсээн. Нэг нэгнийхээ дотрыг мэдэрч, чагнаж чаддаг уран бүтээлчид. Мөөгий эгчийнхээ ямар ч дууг голох эрхгүй, урамтай угтан авч, уянгалуулан дуулдаг дуучин. Гурван марал од ч гэж нэрлэдэг аж.
Т.Очирхүүгийн шүлэг, Мөөгий эгчийнхээ аялгуу “Хүмүүсээ бие биедээ урам хайрла” дууг их сайхан дуулсан байна билээ.

Их энгийн хэрнээ, хөгжим яруу тансаг хийцтэй хөгжмийн зохиолч бүсгүй үзэгчдийн суудлаас гар утсаараа бичлэг хийсэн сууж харагдав.

Энэ гурвын нэрийн хуудас болсон дуу бол яах аргагүй “Зүгээр л инээмсэглэ” дуу. Хүүхэд бүрийн мэддэг дуу. Шинэ урлагийн бяцхан гүнж Энжийгийн дуулснаар хүүхэд багачууд бүр илүү сайн мэддэг юм билээ. Адтай хөөрхөн Энжи ч алтан тайзан дээр гарч ирж “Зүгээр л инээмсэглэ” дуугаа цангинуулав. Үзэгч олон өхөөрдөж, алга ташсаар л…

Ариун хайраас нь ургаж, ангир уургийг нь шимж өссөн Б.Аялгуу охиноо хайрлаж өхөөрдөж “Амин үр” дуугаа аялав. Бие даасан тоглолт учраас бүх зүйл толгой дээр нь ирж байгаа нь ойлгомжтой. Олон түмнийхээ өмнө сандарсандаа хөлийн шөрмөс нь татсан талаар ярьж инээдэм болов.

Араас нь алтан нар мэт цацарсан их сайхан инээдэг халхын Юндэн Гөөгөө гарч ирсэн нь ардын дуучин Б.Алтанжаргал байлаа. Харахаар л хайр хүрмээр, хаанаас ч уур гардаггүй байхдаа гэж бодмоор сайхан залуу маань “Хайлуур мөрөн” дуугаа ч ёстой урсгаж өглөө дөө. Дараа нь нэг бадаг “Бүсгүй хүний заяа” ардын дууг үзэгч түмэн олонтой хамтран дууллаа. Их гоё, донжтой, хэв маягтай дуулдаг дуучин даа. Ардын дуу бол зөвхөн түүнд зориулагдсан мэт санагддаг юм. Тиймээс ч сэтгэлийг минь цэнгүүлж, мэлмийг минь баясгадаг Алтанхан жаргал юм шүү дээ.
Чукатай хамтарч “Арван тавны сар” ардын дууг дуулсан юм. Тэрийгээ ч сонирхуулав. Хажууд минь хүрэн дээлтэй хөгшин эмээ толгойгоо дохилзуулан даган дуулах нь ямар хөөрхөн харагдсан гээч. Аргагүй шүү дээ, хуучны дуу болохоор тэр биз. Тайзан дээр монгол дээлээрээ гоёсон Юндэн, Нансалмаа хоёр шиг харагдав. Ирэх зуны дэлгэр сайхан цагт энэ гоёр уг дуугаа дүрсжүүлэх юм гэнэ лээ.

Дуугаа хүртэл сонгохдоо бүрэн бүтэн байдал, утга агуулгад чухал ач холбогдол өгдөг дуучин маань тал бичээч Жаргалсайханы шүлэг “Дээшээ морил” дуугаа дуулав. Залгуулаад эрэмгий дайчин эрчүүдээ магтаж “Наран сайхан эрчүүд” дуугаа дуулж, Т.Найданжав, Н.Баянмөнхийн шүлэг “Монгол наадам” дуугаа дуулахад омогшил төрөв. Арын фон дээр эрийн гурван наадам гарч, өмнө нь жавхайсан бүсгүй тэнхээ мэдэн, хоолой гаргаж дуулах нь ямар гайхамшигтай юм бэ. “Монгол наадам” дууг нь дахин дахин сонсмоор. Наадмын асарт эгшиглэж байх сайхан дуу даа.

Эмч мэргэжилтэй ч дуучин Баярманлай гэгч залуу “Харц булаам” дуугаа дуулахад хүмүүс дагаад л дуулаад байна билээ.


Ангийн анд Гүрбадам нь гарч ирээд “Дурлал шиг сайхан бүсгүй” гээр доргиов. Түүнтэй хамтарч Н.Чулуунхүү гавьяатын ая, яруу найрагч М.Хүрэлсүхийн шүлэг “Хайрт минь утсаа аваарай” гэсэн шинэ дууг дуулжээ. Энэ дуу нь удахгүй хит болох байхаа. Их сайхан сонсголонтой дуулсан байна лээ.

Аливаа юм гэдэг тэгш дүүрэн, өө сэвгүй байна гэж байхгүй. Гуниг харууслын тухай “Бусдын зүрх” дуугаа дуулахад танхмын үзэгчид чимээгүй сонссоор. Чука их тэсрэлттэй дуулсан л даа. Ихийг бодогдуулах уран бүтээл.

Гэхдээ амьдрал баялаг хойно, аав ээж, ах дүү, анд нөхдийнх нь нөмөр нөөлөг, олонтой түмэнтэй гэдгийг онцолж харуулсан даа. Алдааг ажрах хэрэггүй ээ, амжилт бүсгүй минь.

Сайхан уран бүтээлч андууд нь арын албанд нь үүрэгтэй зүтгэв. Дуучин Э.Чинбаяр, Д.Найдандорж хоёртойгоо хамтарч “Бид нэг үеийнхэн” шинэ дуугаа “төрүүллээ”. Нэг нэгэндээ түшигтэй сайхан андууд даа. Хоймор нутгийн хүү Я.Гэрэлчулуун “Амьдралын бэлэг” дуугаа дуулж Чукад амжилт хүсэж, азжаргал “шидлээ”.

Нийтийн дуучдын тоглолт нэгэн хэвийн уйтгартай болдог гэсэн ойлголтыг эвдэлж тэсрэлт хийсэн хүн бол яах аргагүй “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин Мөнгөншагай “30 хүрсэн бүсгүй” дуугаараа ёстой нэг доргиов. Ганц дуу дуулаад ороход араас нь тасралтгүй алга нижигнүүлсэн үзэгчид ахин тайзан дээр гаргаж ирэв. Тэрбээр дахин “Чи минь” дуугаараа бут авчихаад орсон. Бас болоогүй ээ “Чукадаа хит дуу хийж өгнө. Хамтран дуулна” гэсэн том амлалт өгөөд тайзны ар руу орсоон.

Б.Аялгуугийн хамгийн гоё хайрын цэцэрлэг нь яах аргагүй ээж нь юм билээ. Тэрбээр ээжийгээ “Миний нар, сар, салхи, цэцэг, эрвээхэй” гэж тодорхойлсон учраас яруу найрагч Б.Болорцэрэн эгч, Б.Мөнхжаргал эгч хоёр “Хамгийн гоё хайр”-ыг урлаж өгсөн юм гэнэ лээ…Ээж нь охиндоо тийм л эрхэм нандин, эрхэмсэг тансаг харагдаж байгаа юм чинь.

Ингээд “Хамгийн гоё хайр”-уудыг гарч ирэхэд алга нинжигнүүлэв. Хүмүүс хашгиралдаад лл… Цэнхэр өнгийн даашинзаар ижилдэн гоёсон ээж, охин хоёр цэцгийн дэлбээ мэт л харагдаж байлаа. Хөөрхөн охиноо хөтлөөд гараад ирсэн. Гоёмсог гүнжүүд. Бондойсон хөөрхөн охин Болдын Аялгуу гэж дуудуулах ямар хөөрхөн юм бэ. Ээж, аавын авьяас байна аа, байна. Б.Аялгуугийн анхны тайз гэсэн. Ээжтэйгээ хамтарч дуулах санаачлагаа өөрөө ч гаргасан юм гэнэ лээ.

Тэд “Хамгийн гоё хайр” аа хоёр дахин дуулж сонирхлоо. Ээж охин хоёр цэцгийн баглаанд дарагдав. Яах аргагүй хайр хүрч, харц булааж байв. Хамгийн их азжаргал, хайр бол мөн дөө.

Ү.Хүрэлбаатар, Т.Найданжавын шүлэг “Чамд чам шиг дурлахсан” дуу нь бас гоё оо. Сонсоод баймаар.
Тоглолтоо “Зүгээр л инээмсэглэ” дуугаараа жаргаав. Тайзан дээр хамгийн олон бяцхан дуучин гаргаж, хамтдаа бүжиглэв. Хөөрхөн хүүхдүүд бүгд мэдэж байгаа юм чинь цангинасан хоолойгоор алдахгүй яг дагаж дуулах нь ямар адтай юм бэ. Тэр хүүхдүүдэд бүгдэд нь цомгоо бэлэглэсэн. Энжигийн хүчээр, хүүхдийн ертөнцийг бий болгожээ. Мундаг гэж хэлнэ дээ.

“Тоглолтын багийнханд төлөвлөгөөгүй тооцоо гарсан байхдаа” гэж хошигнон инээх Чука. Үргэлжлүүлэн “Тоглолт дуусна гэдэг хайран санагдаж байна” гэж жаахан харуусаад байна билээ. Гэхдээ эхэлсэн зүйл төгсөх учиртай. Бүхэл бүтэн дөрвөн цагийн тоглолт үзэгчдийг уйдаагаагүй, залхаагаагүй билээ.

Ийнхүү урлагийн тайзан дээр хамгийн олон бяцхан дуучныг “төрүүлж” гаргасан Чукагийн уран бүтээлд том амжилт, тод гэрлийг хүсье ээ.

Бас нэг шүүмжлэл бол яг суудалдаа тохируулж билетээ худалдаанд гарахгүй бол настай хүмүүс зогсч үзэх, нялх хүүгээ тэвэрсэн аав зогсч үзэх шиг хэцүү зүйл байхгүй юм билээ. 90 хувь нь хүргэлтээр хүрсэн. Нэмэлтээр билет гаргасан гэж Чука өөрөө ярьсан.

Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Скайтел компани ажиллажээ. Мөн Сансар супермаркет, Цибон солан гэх мэт олон байгууллагууд уран бүтээлийнх нь тоглолтыг дэмжиж, хамтран ажиллажээ.

Гялалзаж, гялтганаж яваа дайчин бүсгүйг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж яваг ээ. Гэртээ жаргалтай, гэрэлт ирээдүйдээ зорилготой явна. Зовлонгийн тухай бодохгүй, зогсолтгүй хөдөлмөрлөж байгаа бүхнээр нь тань бахаръя. Илүү олон уран бүтээлийн эзэн болоорой…Сайхан байсаан. Сайхан тоглолт болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.p