Гахайн Африкийн мялзан өвчин нь Африк тивийн Кени улсад анх 1927 онд бүртгэгдсэн бөгөөд одоогоор Европ, Ази, Африкийн 43 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчнөөр зөвхөн зэрлэг болон гэрийн тэжээвэр  гахай өвчлөх бөгөөд хүн болон бусад амьтад халдварлахгүй. Өвчний вирус нь харьцангуй тэсвэртэй, бүтэн сарын хугацаанд хөлдөөсөн цус, тасалгааны хэмд байгаа цусанд халдварлах чадвартайгаар хадгалагддаг. Мөн удаан хугацааны туршид халдварлуулах чадвар бүхий вирус нь гахайн түүхий мах, махан бүтээгдэхүүнд байдаг. Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин, эмчлэх арга зүйг эцэслэн тодорхойлоогүй байна.

Шинж тэмдэг халдварлах арга зам:

Өвчний далд хэлбэр нь 3-15 хоногийн хугацаанд явагддаг. Хоруу чанар өндөртэй вирусээр халдварласан тохиолдолд зэрлэг болон гэрийн тэжээвэр гахайд өндөр халуурах /41-420С/, тэжээлийн дуршилгүй болох, чихний үзүүр, сүүл, цээж, хэвлий хэсгээр цус шүүрэх зэрэг шинж тэмдэг үзүүлж богино хугацаанд олноор үхэж хорогдох ба цочмог хэлбэрээр өвчилсөн тохиолдолд шинж тэмдэг илрэхгүйгээр үхэж ч болно.

Өвчин нь хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайнд халдварладаг цочмог халдварт өвчин юм.

Гахайн Африкийн мялзан өвчин нь 4 замаар халдварладаг. Үүнд:

Ø  Өвчтэй амьтнаас эрүүл гахайд шууд хавьтлын замаар

Ø  Өвчтэй гахайг зориудаар нядалсан тохиолдолд гахайн мах, цус, шүүрдэс, шүлс, тариур бусад хэрэгслээр эрүүл гахайд,

Ø  Өвчин гарсан аж ахуй болон гахайтай ажилласан хүний хувцас, машины дугуй болон вирусыг зөөвөрлөж болох бусад гадаргуугаар дамжин гахайнд халдварлах,

Ø  Богино зайд агаар дуслын замаар (битүү байранд) халдварладаг болно.

СЭЛЭНГЭ АЙМАГ

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Гахайн африк мялзан өвчин нь хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайнд халдварладаг цочмог халдварт өвчин юм.

Өвчилсөн гахай өндөр халуурах, амьсгалын тоо олшрох, хоол тэжээлийн дуршил буурах, арьсан дээр үжлийн голомтууд үүсч ялангуяа чих орчмоор хөхрөх зэрэг шинж тэмдэг үзүүлэх ба цочмог хэлбэрээр өвчилсөн тохиолдолд шинж тэмдэг илрэхгүйгээр үхэж ч болно.

Иймд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэн урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Ø  Гарал үүсэл нь тодорхой бус амьд гахайг бусад гахайн сүрэгтэй нийлүүлэхгүй байнгын хараа хяналтанд байлгаж бэлчээрт гаргахгүй байх,

Ø  Хэрэв гахайн сүрэг шалтгаан тодорхойгүйгээр үхсэн бол мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах;

Ø  Иргэд хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм тогтоосон бүс, нутаг дэвсгэрт зорчихгүй байх,

Ø  Гахайн аж ахуй эрхлэгчид гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, халдваргүйтгэл тогтмол хийх; (хүчил, шүлт, хлор агуулсан халдваргүйтгэлийн бодисуудаас сонгож хэрэглэх)

Ø  Тэжээвэр гахайг байнга хараа хяналтандаа байлгаж, хүн амын хөдөлгөөн ихтэй хот суурин газраар бэлчээхгүй байх;

Ø  Гахай болон хашаа хороо, хоол тэжээлийн ялгадастай харьцасны дараа хувийн ариун цэврийг сайтар сахих / гараа тогтмол савантай усаар угааж / санитолын уусмалаар халдваргүйтгэх, амны хөндийг 2%-ийн давсны болон сод, залгиурыг 0.7%-ийн тамедины уусмал, 1:5000 фурациллины уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа бүлээсгэн хоолойгоо зайлах; –

Ø  Өвчний голомтод бүртгэдсэн өрхийн гишүүд хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд гадагшаа зорчихдоо ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх,

Ø  Үхсэн гахайг ил задгай хаяснаас нохойгоор дамжин өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй тул зориулалтын цэгт булшлах

Ø  Гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, тогтмол халдваргүйтэл хийхийг анхааруулж байна.

 

СЭЛЭНГЭ АЙМАГ

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР