Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч эмэгтэйгээ алсан хэрэгт бүх насаар хорих ял оногдууллаа. Тодруулбал, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Нуурын завсар” гэх газраас хүний дутуу шатсан яс олдсон байна.

Талийгаач Н-нь шүүгдэгч С.Б-тэй 2015 оноос эхлэн хамтран амьдарч дундаасаа нэг охинтой болсон бөгөөд 2018 оны 5 сарын 30-31-нд шилжих шөнө гэр бүлийн маргаанаас үүдэн Н-ийг шүүгдэгч С.Б-нь толгой цээжин хэсэгт цохиж алаад цогцсыг нь тэргэнд хийж зөөвөрлөн ойролцоох жалганд оруулан шөнийн турш цогцосыг шатааж, үүрээр талийгаачийн ясны үлдэгдэл болон үнсийг шуудайнд хийж, шатаасан газраасаа 2-3 км-т байх уулын модон дотор оруулж, талийгаачийн үлдсэн ясыг нь асгачихаад явсан байна.

Хэрэг гарсан өдрийн маргаашнаас эхлэн талийгаачийн ар гэрийнхэн шүүгдэгч С.Б-ээс дүүгийнх нь утас авахгүй байгаа талаар болон хаана байгаа талаар асуухад гэрээсээ гараад машинд суугаад явсан талаар хэлж ойлгуулж, улмаар талийгаачийг орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэргийг хохирогчийн хамтран амьдрагч Б нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироож, цогцосыг нь шатаасан болох нь тогтоогдсон байх бөгөөд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ц.Н-ийн толгой цээжин тус газар цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч С.Б-д бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.