Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдснаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан.

“Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Б/33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нарыг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан. Нурангид дарагдсан

  • нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/,
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/,
  • Булган аймгийн Хялганат сумын харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/,
  • нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн 86-36 УНЕ улсын дугаартай “КАТ-374Д” загварын эксковатор, 62-11 ТТА улсын дугаартай “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажиллаж 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 19:04 цагт иргэн О-ын цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 13:32 цагт иргэн Г-ийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

2019.03.03-ны өдөр 1200 м3 ус татах хүчин чадалтай 1 ширхэг, 350 м3 ус татах хүчин чадалтай 1 ширхэг, нийт 2 хөөрөг нэмж суурилуулсан. Эхний ээлжийн усны хөөрөг, усны хоолойн холболт (1200 метр) болон зам тавих, далан босгох ажиллагаа дуусгаж, нурангид дарагдсан бульдозерт 3 удаагийн холболтыг хийж татан гаргах ажиллагааг хийж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:40 цагт түр зогсоосон.

Ослын голомтод ОБЕГ-ын 4 алба хаагч, 2 автомашин, ҮАБ-ын 25 алба хаагч, 1 завь, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч, 2 автомашин, Мэргэжлийн хяналтын 7 албан хаагч, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 115 ажилтан, 16 техник, 6 ширхэг ус соруулах хөөрөг, орон нутгийн захиргааны 3 албан хаагч, 1 автомашин, нийт 171 хүн, 32 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.