Ц.Элбэгдоржийн “ТАМЫН ТОГОО” БА ЗҮРХНИЙ ӨЧИЛ нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна

1991.01.22

Цагаан морин жил хүнд суртлын тухай бид хэчнээн ч их ярив даа. Коммунист дэглэмийн аймшигт улаан мөр үлдээгүй, түүний шимт хөрс болох хүнд сурталд автаагүй байгууллага гэж уудам Монголд алгаа. Лех Валенса “Хүнд сурталтай тэмцэнэ гэдэг тамын ажил” гэж хэлсэн билээ. Хүнд суртал оршсон газар бүрийг тогоо гэвэл Монголд байсан, байгаа “Тамын тогоо” бүрийг бүртгэж дуусна гэж үү! Нэг нь тогооноос гарах гээд авирч явтал нь нөгөө нь татаад унагачихдаг болохоор “Монголчуудыг хорьсон тамын тогоог чөтгөр манадаггүй” гэсэн явган шог ч бий.

Үнэхээр монголчууд сталинизм гэгч аюулт чөтгөрийн тогоонд хэдэн ч жил шарагдав даа. Түүх, соёл, ухаант мэргэдээ устгуулж доромжлуулсан “морь унасан толгойгүй хүн” шиг айлын тогоог чөтгөр манах ч хэрэггүй байсан биз ээ! Аймшигт тамын тогооноос монголчууд уван цуван арай ядан гарч байна. Зарим нь бие биедээ дэм өгч, зарим нь бие биеэ татан унагасаар байна.

Бие биеэ татан унагасаар, дээгүүр нь исгэрэн өнгөрөх ардчиллын ариусгагч салхийг хий мөрөөдсөөр суугчид олонтой байгууллагын нэг бол Монголын Ардын арми, бүхэлдээ зэвсэгт хүчин мөн гэж мөхөс би таамагланам. Өнгөрсөн оны сүүлчээр энэ байгууллагын толгойн хэсэгт жаахан өөрчлөлт орсон нь үнэн. 21 жил Батлан хамгаалах яамны саарал байшинд сэлгээ нь үгүй алба хашсан 3 сайд, 3 газрын даргын нүүр үзсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогчоос авхуулаад 15 жил армийн удирдлагад ажилласан дэслэгч генерал Шагалын Жадамбаагийн баг уг байгууллагын залуур дээр суулаа.

Тэднийг юу хийх бол, ямар өөрчлөлт хийх бол гэж Монгол түмэн харсаар, хүлээсээр л. 70 жил үндэсний цэргийн номлолгүй байсан, 65 дахь жилдээ “Шинэчлэлийн үзэл баримтлал” гаргаж хуучныг улам баталгаажуулан үгээ зоригтой хэлэх гэсэн аавын хөвгүүдийн амыг тагласан энэ байгууллагын хувь заяа монгол хүн бүрт хамаатай.

Учир нь армийн албыг дүүргэсэн эрчүүд бараг айл бүрийн хойморт өрх толгойлж суугаа. Том болоод цэрэгт явна гэж хэлдэггүй эрэгтэй хүүхэд гэж бараг байдаггүй биз ээ. Тэд том болоод цэрэгт явах нь лавтай. Эгнээнд нь хөл тавьж байлдагч, бага дарга, сонсогч, офицер гэгдэж халуун тогооноос нь хошуу тосдож явсны учир армийн өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн тухай бодлоо, арми шиг армитай байхын хүслэнгээ нэгээхэн хором ч орхиж эс зүрхлэв ээ.

Гэвч эр цэргийн арвин шастирт монголчууд сүүлийн үед хүүгээ армид үдэхдээ зүрхшээдэг болжээ. Албаа сайн хаагаад ирээрэй гэдэг байсан аав, ээж “Зодуулчихгүй шиг эсэн мэнд эргээд ирээрэй” гэж захидаг боллоо. Үрээ үнсээд үдсэн хүн амьгүй цогцос тэвэрч өр урагдтал чарлахыг үзлээ. Арван тавны сар шиг аавын хүү зодуурын шархтай хэл ам нь орооцолдсон, ухаан мэдрэл нь орж гардаг, унаж тусдаг, суумгай, мөлхөө болоод ирсэн тухай хүн зон сэтгэл түгшин ярьдаг боллоо. Тэд 1937 оны тамын шоронгоос биш армийн жагсаалаас ийм байдалтай эргэж ирдэг боллоо.

Сүүлийн 5 жилд албан ёсны мэдээгээр Зэвсэгт хүчний хэмжээнд 297 хүн амь насаа алдаж, 2536 цэргийн албан хаагч “харилцааны зөрчил” хэмээх аймшигт тамлалд өртсөнөөс гэмтэж бэртжээ. Сүүлийн 6 жилд 3617 хүн Зэвсэгт хүчний эгнээнээс шоронгийн хаалга татаж, 5 жилд 1990 оны 10 дугаар сарын байдлаар 4756 хүн цэргийн шүүхийн тогтоол сонссоны 3578 нь хугацаат цэргийн албан хаагч байна. Энэ тоог Монголд бүх ял эдлэгчдийн тоотой /5600 орчим/ харьцуулахад түгшүүр төрөхгүй байхын аргагүй. Дээрх баримтаас үзэхэд цэрэг хүнийг сүүлийн үед эрүүл мэндээрээ хохирох, эсвэл шоронд орох хоёр зам голлон угтдаг болсон тухай яриа оргүй биш бололтой.

Надаар оны ялгаа дууссан гэж халагдсан цэрэг бүр ярьдаг сан. Оны ялгаа, харилцааны зөрчил, дэглэгчид хэмээн яригддаг энэ үгсийн утгыг “тамлал, яргалал” гэсэн хоёр үгэнд багтааж болмоор санагдана. Өнгөрөгч хоёр зууны тэртээ манжийн амбан монголын сайн эрсийн ам өчгийг авахын тулд 9 төрлийн эрүү шүүлт тулгадаг байсан тухай түүх өгүүлдэг билээ. Тэгвэл өнөөдрийн цэргийн албан хаагчийн давж гардаг эрүү шүүлтийн тоо зуугийн талд хүрсэн гэхэд хилсдэхгүй болжээ.

Гандан хүлээс, махан овоо босгох, цээжний доргио, эцгийн хайр, комендат хүлээс, цатгах, полируулах, буу цэнэглэх, дициллин шахах, нохой шээлгэх, ургуулах, алуурдах, дэлбээдэх, битүү зодох, хөхүүлэх, амраах, дулаацуулах, хуримын бөгж зүүлгэх, онгоц нисгэх, урлагийн зогсолтоор зогсоох, бух алах, цаазаар авах, унтахыг заах, гэрт нь хариулах, дүрэм судлуулах, дугуй унуулах, ялаа үргээх, трактор асаах, тайтах, янаглах, шоктуулах, шээсэн эмчилгээ, өргөлт, радио, магнитофон, антен, өлгүүр, бэлгийн дур, шанаа байлдаанд, цээж байлдаанд, зургаатын систем, 100 метрийн гараа, эр хүний хийтэй цохилт, галуун цуваа, ухамсрын шанаа, хамгаалалтад … зэрэг тодорхой нэр бүхий эрүү шүүлт байдгийн дээр хадаасаар бие дээр нь юм бичих, орны толгойноос гарыг нь хүлж элэг рүү нь цохих, зодож цусыг нь долоолгох, гарын эрхий хурууг нь утсаар холбож нохой мэт хөтлөх, явахдаа лацдаж орхих, шинэ цэргийг зодуулах зүйлээ олж ир гэж явуулаад олж ирсэн зүйлээр нь зодох, бие биеэр нь ээлжлэн зодуулах, зодож чадахгүй бол өөрийг нь зодох, далан дээр нь гарч зогсоод суниалгах, үсийг нь хуурайгаар нь сөргүүлж хусах… гэх мэт нэр өгч амжаагүй яргаллын хэлбэрүүдийг тоочиж дуусна гэж үү?!

Он жил улирах тутам яргалал төрөл зүйлийн хувьд баяжиж тамлан зовоогч бүр өөр өөрийн “хандив”-ыг нэмэрлэдэг ажээ. Хэдхэн хормын дараа нэг довон дээр шарагдаж мэдэх цэргийн хуаранд танилцсан аавын хөвгүүд бие биеэ юунд ингэж тамлана вэ? Монгол цэрэг хэзээнээс нааш 8 зууны тэртээгээс эв эеийн сайнд ялалт байгуулж дэлхийг донсолгож явсан.

Нэг нэг рүүгээ гар далайх нь байтугай зөрж өнгөрөх бүрдээ хүнд дуулгаа өргөн амар мэндээ мэдэлцдэг байсан.

Гэтэл энх цагт эр цэргийн амь хохирч, эрүүл бие нь өвчтөний дансанд, ялтны ширээний ард хүргэгдэж байх гэж. Дээрх зүйлийг бичихэд байтугай бодоход хэцүү санагдана. Иймээс өөрийн бичлэгийг түр зогсоож хүний бичсэнээс эш татъя. 1990 оны 10 дугаар сарын “Улаан-Од” сонины нэгэн дугаарт “Элэгддэг, хүчинддэг, хулгайлдаг, дээрэмддэг олон хэргээр хал цэргүүд шийтгүүлжээ. Тэр ч бүү хэл бэлгэ эрхтнээ шинэ дайчинд хөхүүлсэн жигшүүрт явдал халагдах дайчнаас гарав.

Үүний цаана илрээгүй үлдсэн өшиглөсөн, шанаадсан, сурдсан зодсон явдлууд бий” гэж бичжээ. Энэ өгүүлбэрээс армийн командлал ямар дүгнэлт хийсэн бол доо! Хүнд ингэж доромжлогдсон эр хүн, яргалал тамлалд үргэлж өртдөг цэргийн албан хаагч үнэн, шударга хоёрын өмнө аврал эрж үхлийг ч сонгодог юм билүү яаж мэдэх вэ. Тангараг өргөсөн цэргийн хүн алтан амиа өөрөө өөрийнхөө гараар бусниулах тохиолдол Зэвсэгт хүчний хэмжээнд гарсаар л байна.

1986-1990 оны 10 дугаар сарын байдлаар Зэвсэгт хүчний хэмжээнд амиа хорлосон цэргийн албан хаагч 43, хүний гарт өртөж амь насаа алдсан цэргийн албан хаагч 38 гэсэн албан ёсны тоо бий. Мөн энэ хугацаанд армийн клиникийн төв эмнэлэгт хугацаат цэргийн албан хаагч 18418 хүн эмчлүүлж, 3746 нь цэргийн эмч нарын комиссоор орж “цэргийн албанд тэнцэхгүй” гэсэн бичигтэй халагджээ. Энэ хооронд зөвхөн эмчилгээнд 449911 төгрөг зарцуулсан байна. Дээрх тоонд БЦ-ийн, ХЦ-ийн зэрэг бусад эмнэлэгт эмчлүүлсэн цэргийн албан хаагчийн тоо ороогүй юм. Цэргийн анги бүр онош нь тодорсон өвчин, шарх, гэмтлийг анагаах боломжтой өөрийн эмнэлэгтэй, тэндээ дайчдыг эмчилдгийг хэлэх нь зүйтэй болов уу! Эмнэлэгт зодуулсан, бэртсэн цэрэг бүр хэвтдэггүй ч нийт гэмтэл авагчдын 98 хувь нь толгойдоо, шилбэндээ бэртэлттэй гэсэн судалгаа бий.

Хугацаат цэргийн албан хаагчдын тоог сүүлийн хоёр жилд 13 мянган хүнээр хорогдуулсан тухай албан ёсоор Монголын Зэвсэгт хүчин зарлан тунхагласаар байгаа. Гэвч амь насаа алдагсад, бэртэж гэмтэгсэд цэргийн албанаас чөлөөлөгдөгсдийн тоо урьд онуудынхаас буурахгүй, харин нэмэгдсээр байна. Зэвсэгт хүчний командлал, анги байгууллагын удирдлага дээрх үзэгдлийг “арилгах”-ын төлөө өдөр шөнөгүй зүтгэсээр, арга хэмжээ авсаар л байгаа дуулдах юм. Гэтэл байдал сайжралыг олоогүй байгаа аж. Хуарангийн социализмын аймшигт үр дагавар, коммунист дэглэмийн үлдээсэн, үлдээсээр байгаа ул мөр, өвийг бид үнэн зөвөөр нь, байгаа байдлаар нь харж эхэлж байгаагаас гашуун гашуун гэхэд дэндүү гашуун үнэнтэй улаан нүүрээрээ учрах болжээ.

“Комисс” гэж манайхны ярьж заншсан цэрэгт татагдахын өмнөх үзлэгээс эрүүл мэндээр тэнцэхгүй буцаж буй залуусын тоог гаргахад бэрхтэй болжээ. Хөвсгөл аймгийн нэг сумаас 20 залуу цэрэгт мордсоны 19 нь тэнцээгүй буцсан тухай мэргэжил нэгт нөхөр минь ярьж билээ. Монголын хүн амын бараг тэн хагас нь эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд 40 хувь нь амьсгалын замын өвчтэй гэсэн мэдээ ч бий. 1989 онд цэргийн албанд ирсэн дайчдын дөрвөн мянгад нь эрүүл мэндийн үзлэг хийхэд 40 гаруй хувь нь архаг өвчтэй болох нь тогтоогджээ.

Сүүлийн үед оюуны хомсдолтой, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний тоо олон мянгаар яригдах боллоо. Дээрх тоо улс орны хөгжил, ахуй амьдралын нөхцөлтэй шууд хамааралтай бөгөөд Монгол орон “хөгжингүй социализм” руу биш, улс үндэстний хувьд мөхөл сүйрлийн ирмэгт тулж ирсний нэгэн илрэл энэ мөн буй за. Зарим талаар нийгмийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг Зэвсэгт хүчин үүнд ямаршуухан “хувь нэмэр” оруулж байна даа.

“Цэргийн нууц”, “социализмын нууц”… гээд мөн ч олон нууцтай байж билээ. Харин саяхан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Гаваа цэргийн сахилга, танхайралтай холбоотой нууц гэж байхгүй, бүгд ил тод гэж цэнхэр дэлгэцээр олон түмэнд мэдэгдсэн нь тун содон сонсогдож байлаа. Цэргийн албан хаагчаас армийнхны хэлдгээр “харилцааны зөрчил” гэж хэлж заншсан зүйлийн тухай асуувал “Тийм юм байхгүй”, “юу ч байхгүй, ёстой л жаргаж байна” гэж хариулна. Зарим анги байгууллагын удирдлага “манайд сүүлийн “тэдэн” жил харилцааны зөрчил гарсангүй”, “тийм юм бүрэн арилсан” гэж танилцуулна. Батлан хамгаалахын сайд Улсын Бага Хуралд Зэвсэгт хүчний анги байгууллагын гуравны нэгд нь харилцааны зөрчил гараагүй тухай мэдээлж байсан.
Дээрээсээ доороо, доороосоо дээрээ хүртэл дутагдлаа нуудаг уламжлалт ёс тогтож, байгаа зүйлийг байхгүй мэтээр яриад заншчихсан газар бол цэргийн байгууллагууд яах аргагүй мөн. Үнэхээр шалдан хүнийг хувцастай, яргалал тамлалыг даахгүй нүднээс гарсан цэргийг жаргаж байгаа, танхай балмад байлдагчийг сахилгатай цэрэг гэж өнөөдөр ч ярьсаар байна.

1960 оны дунд үеэс уламжлалтай хуарангийн танхайрал “нууц”-ын дор дарагдсаар нийгэмд хор хүргэх өвчин болтлоо газар авч 1990 оны эхээр сэдэрч эхэллээ. Гэхдээ дотогш харж бээрлэсэн энэ хатигны үнэн дүр төрхийг хэн ч үл мэднэ. Хоёр хүний хооронд гарсан гэмт үйлдлийг дундаа дарж, тасагт гарсныг тасагтаа, салаанд гарсныг салаандаа, салбарт гарсныг салбартаа, ангийн удирдлага мэдсэн ч ангидаа, армийн удирдлага мэдсэн ч нууцын хайрцагтаа нуусаар дарсаар л байна. Дээр бичигдсэн бүх баримт энэ шүүлтүүр бүрээр орж нийгмийн өнгөн дээр гарч ирсэн нэгээхэн хэсэг нь. “Олгой хагаравч тогоон дотроо” гэж монголчууд ярьдаг. “Хэрэг зөрчил гарсан ч хамт олон дундаа” гэдэг ойлголт цэргийн албан хаагчдын сэтгэл зүрхэнд гүн шингэжээ. Одоо ч армийн анги байгууллагаас салаагүй байгаа “социалист уралдаан”-д шовойж гарах ганц шалгуур нь хэрэг зөрчил гаргуулахгүй байхад биш сайн нуухад л оршсоор л байна. Офицер, улирагч бүрийн амьдралын дээд хүслэнтэй, цол нэмэх, цалин ахих, албан тушаал дэвших, байранд орох, хот газар ирж суухтай цэргийн сахилга шууд холбогддог.

“Үнэнийг хэлэх бүрдээ чи амьдралдаа алдана, хохирно шүү” гэсэн зарчим дээр цэргийн газрын ажил алба тогтдог учир ямар тэнэг хүн үнэн мэдээ өгөх билээ дээ! “Нуу, нуу, сайн нуу, бүхнээс илүү нуу, тэгвэл чи уралдаанд түрүүлнэ” гэсэн үгийг удирдах хүмүүс, дарга нар доод шатныхаа албан тушаалтанд “нуулгүйхэн, юу л болно бүгдийг мэдээлж бай” гэж эсрэг утгаар нь тушаал лүндэн болгож буулгана. Бүгд л сайн нуусны ачаар “сахилгын зөрчилгүй хамт олон” болж улаан туг, дарцаг, цол тэмдэг, албан тушаал, хоногийн чөлөөгөөр … шагнуулна. Хэрвээ офицер үнэн байдлыг мэдээлбэл цол бууж, албан тушаалаа хусуулж, байрны дугаарлалаа … алдана. Хугацаат цэргийн албан хаагч хэн нэгэнд зодуулсан тухайгаа үнэн яривал зодсон цэрэг нь дахиж ярихгүй болтол нь зодно, магадгүй амь насыг нь бүрэлгэнэ. Иймээс ч танхай балмад голдуу бүл чадалтай хэсэг нь бага даргаар томилогдох жишээтэй. Цэргийнхэн доор дээргүй үнэнээс сүнсээ зайлтал айна, бас зүрхээ шархалтал эмзэглэнэ!

Удирдах тушаалын хүмүүс байдлыг шалгах, анги байгууллагын амьдралтай танилцах гэж очихынхоо өмнө заавал мэдэгддэг “ёс” цэргийн газар тогтоод уджээ. Цэргийн нөхөд ч “өнгөлөн далдлах” аргыг шөнө ч, өдөр ч чадмаг хийдэг. Аливаа ийм мэдээллийн дараа мөн ч олон цэрэг, офицер нойр хоолгүй хонодог сон. Жил бүр уламжлал болсон сайдын шалгалтын үеэр ч нүд хуурах, анги, салбар, салаа, цэргийн албан хаагчдаа хольж солих ч явдал гардаг.

Ер нь цэргийн алба гэж зөвхөн “байлдагчийн погоон зүүгээд” баяр цогтой хөл нийлүүлж алхахыг, жилд 1 удаа хөдөлгөөнгүй бай буудахыг, 2 жил талх зүсэж хоол хуваагч хийхийг, буу үүрч хувцас, зэвсгийн агуулахын хаалга манахыг хэлдэггүй байх. Бүр тэр тусмаа бие биеэ тамлан зовоохыг, нэгнийхээ гутал тосолж, ор хурааж, захны даавуу угааж хадахыг, тааралдсан хүн бүрт зарцлагдахыг … хэлдэггүй болов уу!

Цэргийн алба хаагаад ирж буй хүүгээ “ханхар эр” ирнэ гэж нутаг усных нь, аав ээж нь хүлээдэг сэн. Гэтэл сүүлийн үед албанаас ямаршуухан эрчүүд халагддаг болов доо. Намрын сэрүү унасан хойно цэрэгт татагдаж, гэр нь харагдах газар алба хааж, карантин (сургалтын төв) дамждаггүй болсноор утга агуулга нь улам алдаж байсан цэргийн алба насанд хүрсэн эрсийн хоёр жилийн “цэцэрлэг”-ээс ялгагдахаа болилоо. Энэ тухай хэн нэгэн хөндлөнгийн хүн биш цэргүүд өөрсдөө ярих болсон нь өөрийн эрхгүй нэгийг бодогдуулна. “Ноднин бид цэцэрлэгт ирж байсан. Энэ жил та нар яслид ирлээ. Ирэх жилийн цэргүүд мөлхөө ангид ирнэ” гэж бидэнд 1987 онд цэрэгт татагдсан дайчид ярьж байсан. Үнэхээр л голыг нь олоод хэлчихсэн юм шиг санагдаад байна” гэж 1988 онд цэрэгт ирсэн дайчид ний нуугүй хуучилж байсан нь санаанаас гарахгүй юм.
Ингээд л манай зэвсэгт хамгаалагч-эр цэргүүд өлгийн дотроо хуучирдаг болжээ. Насанд хүрсэн эрчүүд цэцэрлэгийн нөхцөлд амьдарч, алба хаахад бүү хэл ясли цэцэрлэгийнхний дунд “талх чихэр булаагч” анги бүлгийн атаман байдаг тухай яриа бий. Цэрэг амьдралд хэвшиж буй энэ загварыг үндсээр нь өөрчлөхөөс наана хуарангийн танхай балмад явдал “арилна” гэдэг юу л бол доо.

Эрчүүд цугласан газар зохион байгуулалт муутай, ачаалал багатай бол зав чөлөө, цагийн сиймхийг ашиглаж биесээ шоглох, улмаар тамлах “ажил”-аар өдөр хоног өнгөрөөх болдог аж. Энд цэргийн хуарангаас биш цэргийн дээд сургуулийн “ухамсар”-тай сонсогчдын дундаас жишээ татъя. Сайн жишээ, сэтгэл сэргээх юм гараад ирж ч юун магад. Цэргийн нэгдсэн дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 120 сонсогчийн дунд бичгээр судалгаа явуулахад “Зодуулдаггүй цэрэг, сонсогч гэж байхгүй. Шанаа авах гэдэг жам, энгийн зүйл” гэж хариулж байжээ.

Цэргийн албанд биеийн тамирын сургалтыг залхаах, яргалах хэрэглэл болгож ашигладаг болжээ гэвэл хүмүүс гайхаж магадгүй. Цэргийн байгууллагын ойролцоох уул, толгод голдуу “зовлонт” гэсэн тодотголтой байдаг нь тохиолдлынх биш болов уу! Дутагдал, зөрчил гаргасан ч юм уу нэгнийгээ “дүрмийн” гэдэг нэрээр залхаан цээрлүүлэхийн тулд цэргийн албан хаагчийг гүйлгэдэг, суниалгадаг, хүйтэнд нүцгэн зогсоодог… явдал жирийн үзэгдлийн тоонд орно. Энд хортой утаа эсэргүүцэгч өмсүүлэх, ор дэрийг нь үүрүүлж гүйлгэх, окоп, траншей ухуулах… зэрэг байлдааны сургуулилтын хэлбэрүүд ч ордог болжээ. Уг нь дээрх зүйл, залхаан цээрлүүлэлтийн хэлбэр, “дүрэм”-ийн шийтгэл байдлаар биш цэргийн албан хаагчдын нийтээр, ялгаваргүй гүйцэтгэх үүрэг баймаар сан. Гадаад улс оронд гүзээ суусан офицерийг Зэвсэгт хүчний эгнээнээс шууд халдаг журам бий. Гэтэл бид гүзээ суусан офицер бүү хэл гүзээлсэн цэрэгтэй боллоо.

Халагдах цэргүүдтэй уулзсан сурвалжлагчийн “Армид юу сурав” гэсэн асуултад:

-Үнэнийг хэлэхэд их идэж, илүү унтаж, хүнийг хуурч мэхэлж сурлаа. Хулгай хийж сурлаа. Худал ярих арга эзэмшлээ. Цэрэгт дахиад татагдвал эргээд л шинэ цэрэг болно. Цэргийн албанаас юу ч сурсангүй гэж хариулах нь аль аль талдаа гайхаш төрүүлэх зүйл биш болжээ. Ингэж олон мянган эрчүүдийг “цэцэрлэгийн нөхцөлд хоёр жил “хорьж” байх шаардлагыг эргэж харах цаг иржээ. Б.Эрдэнэбаатар Зүүнбаянгийн гарнизоныг “концлагерь” гэж бичсэн.

“Бид энд жаргалтай байна. Тийм муу юм энд байхгүй” гэх мэтээр армийн нөхөд сонин хэвлэлд эсэргүүцэл ирүүлсээр байгаа нь чих дэлссэн. Цэрэгт татагдаж буй залуус “Зүүнбаянгаас л бусад газар хуваарилж өгөөч” гэж хүсдэг. Сургууль тааруухан төгссөн офицерийг, удирдлагадаа халтай, үнэн ярьдаг шударга хүнийг “Зүүнбаян явуулна” гэж айлгадаг, явуулдаг байдал армид газар авсан гэхэд хилсдэхгүй буй за. Нефть бараадаж баригдсан хэдэн байшинг хүнжүүлэх гэж дуулгавартайгаар нь цэргийн хүмүүс аваачиж байршуулаад Зүүнбаянд цөллөгийн газар мэт армийн удирдлага ханддаг нь нууц биш. Зүүнбаянд гурван жил алба хаа, дараа нь чамайг хот руу татна гэж боловсон хүчнийхэн хүнийг хуурч явуулаад мартдаг тухай… бичээд байвал хүний зовлонгоор дүүрэн роман ч бичиж болно.

Зовсон ч, жаргасан ч, бэртсэн ч, гэмтсэн ч хоёр жил болоод халагддаг хугацаат цэргийн албан хаагчдын тухай биш гэхэд насаараа цэрэг дагаж, насаараа тушаал гүйцэтгэж, яв гэсэн газар нь явж, хий гэснийг нь хийж, ёстой л “морь, нохой” мэт зүтгэсээр ханзархай, булан нь цоорхой хэдэн чемодантай, сахилга сурлага тааруу хэдэн хүүхэдтэйгээ, гэрт ч, хээр ч голомтыг нь сахиж өндөлзсөн авааль гэргийтэйгээ тэтгэврийн хэдэн төгрөгтөө найдаж галдаа гараа ээж үлддэг офицер, улирагчдын тухай хэдэн үг хэлэх сэн. Түгшүүр авах бүрт тэд амьдралдаа олсон бүхнээ орхиж хээрийн богцоо аваад эргэж ирэх, ирэхгүйгээ дэнсэлж чадалгүй л гэрээсээ гардаг. Хил дагасан, цэрэг дагасан, барилга дагасан, техник дагасан энэ л хүмүүсийн амьдралд Зэвсэгт хүчний өнөөгийн тогтолцоог бүрэн өөрчлөхгүйгээр тус хүргэж чадна гэж үү!
Зуунмод хотын хаяа бараадсан Сэргэлэнгийн дивизэд ноднин жил нэг удаа очиж билээ. Бараг нийслэлд амьдарч, алба хашиж яваадаа бурхнаас сахил хүртсэн юм шиг баярлаж байдаг офицеруудтай уулзахад алба амьдралын хүнд байдлаа ам уралдан ярьж “армийн хувь заяа сахилгагүй цэргийн гарт байгаа”-г баталж өөрсдийгөө “24-ийн цэцэрлэгийнхэн” гэж нэрлэдэг болсноо сонирхуулж билээ. Долоо хоногт гэртээ нэг, аз таарвал хоёр удаа харьдаг, “дэглэгч”-дийг манаж, оргосон цэргийн мөр хөөж хоолтой хоолгүй, нойртой нойргүй явдаг тухайгаа ингэж зүйрлэжээ.

Ер нь дээр яригдсан бүхнээс харахад зэвсэгт хамгаалагчид маань хэдийд зэвсгээ эзэмшиж, хэдийд жинхэнэ цэрэг болдог юм бол доо! Өнөөдөр офицер муудаа, цэрэг сахилгагүйдээ зэвсэгт хүчний амьдралд бугласан дутагдал, шийдвэр хүлээсэн олон асуудал байгаа биш, энэ байгууллага тогтолцооны хувьд ялзарч өдрөөс өдөрт амьдрах чадвар нь сульдсаар байгаагийн илрэл мөн болов уу! Нийслэл хотноо яам, газрын байшинд дээд, дунд, доод шатанд суудал сэлгэж зэрэглэн суугаа генералын, хурандаагийн, ахлах офицерын мөрдөс зүүсэн тэр л хүмүүсийн гарт дээрх асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл, боломж бүрэн бий. Тэдэнд юу дутаад байгаа юм бол доо!

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тухай сайнтай муутай нь шүүмжилж магтаж, янз бүрээр бичиж байна. Харин зэвсэг техникийн тухай бол “хамгийн сүүлийн үеийн” гэсэн тодотголтой цагаан магтаал хэвээрээ л. Үнэхээр бид чинь хамгийн сүүлийн үеийн зэвсэг техниктэй гэж үү! Зөвлөлт дэлхийн зах зээл дээр хамгийн сүүлийн үеийнхээ зэвсгийг нийлүүлж, дараагийнхыг нь Варшавын гэрээнийхэнд өгч, бүр үлдсэнийг нь Монголд үнэ мөнгөгүйхэн шиг бэлэглэдэг байсан биш билүү!

Ер нь хэрэгцээ хангахгүй болсон зүйл үнэгүй болдог явдал ч бий. Заримдаа ч бэлэг болдог тал бий. Ямар ч л байсан 1950, 1960, 1970-аад оны үед “ах”-ын зэвсэглэлд байсан, аль хэдийнэ зэвсэглэлээс хасагдсан танк, их буу, буудлагын зарим зэвсэг техник манайд үлдэж хоцорчээ. Бид хүний өгснийг хадгалсаар, дарсаар байгаад юутай ч болчхов доо. Түүнийг хадгалахын тулд коммунист дэглэмийн үеийн хамгийн аймшигт мөлжлөгийн хэлбэр болон бие дааж гарч ирсэн “барилгын цэрэг” мөн ч их байшин барилга барьсан даа. Өнөөдөр Зэвсэгт хүчинд үндэсний фондын бараг гуравны нэг хувь нь хадгалагдаж байдаг гэсэн мэдээ бий.

Гэтэл Зөвлөлт гүрэн 1970-1980-аад оны зэвсэг техникээ, тэр бүү хэл бүхний зүрх чичрээсэн атомын шумбагч завиа хүртэл төмрийн хайлш болгож энхийн үйлсэд ашиглаж байна. Бид хадгалаад л байна.
Хадгалсаар байтал орчин цагийн байлдаанд байтугай хашааныхаа булангаас хөдөлж чадахгүй ногоон будагтай далдлах гээд далдалж болохгүй их хэмжээний үхмэл хөрөнгөтэй болчихвий дээ! Бид жижиг улс гэж өөрийгөө ярих дуртай ч дэлхийд, Азид дээгүүрт ордог том том юмны хойноос хөөцөлдсөөр, зээлдэж авсаар, бариулсаар байгаад эцэстээ юутай үлдэж байна вэ? Байлдах чадвараар тун дульхан ялзралд орсон аварга том зэвсэгт системийг бидний цөөн монголчууд тэжээдэг юм биш биз дээ!

Гэтэл бидний “дайсан” гэж зүхэж байсан зарим орны зэвсэг техникийн галын болон сөнөөх чадал, цэц, бие бүрэлдэхүүний бэлтгэл чадвар ямар түвшинд байгаа нь бэлээхэн харагдсаар л байна. Монголд мэргэжлийн армийн тухай яриа дөнгөж эхэллээ. Хуарангийн социализм амьдрах чадвараа бүрэн алдаж нийгмийн байгууллын хувьд задран унаж байгаа үед Зэвсэгт хүчний шинэчлэлийг удаашруулах, өнгөн өөрчлөлтөөр хязгаарлах нь харанхуй ойд төөрсөн сармагчны үлгэрийг санагдуулна.
Мэргэжлийн армийг “зардал ихтэй, үрэлгэн” гэж ойлгодог ахархан бодлоо орхих цаг болжээ.

Зэвсэгт хүчний хэмжээнд хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө:

-Цэрэг татлагын явцыг 1-3 жилийн хооронд зогсоож, аль эсвэл хэсэгчлэн татаж байнгын бие бүрэлдэхүүний цэрэгжил, чадварыг эрс дээшлүүлж улс ардын аж ахуйд хэрэгцээт машин техникийг шилжүүлж, боломжтойг нь зах зээлд борлуулж олсон хөрөнгөөрөө өнөөдрийн түвшинд тэнцэхүйц зэвсэг техник худалдаж авах.
-Цэргийн хугацаат албыг 2-6 сарын хэмжээтэй байхаар зохион байгуулах.
-Цэргийн албаны нас хэтэртлээ нэг иргэн 5-аас доошгүй удаа дайчилгаат сургалтад хамрагдсан байх.
-Боловсон хүчнийг дэлхийн хөгжингүй орнуудад бэлтгэж, дотооддоо боловсон хүчин бэлтгэдэг аргыг үндсээр нь өөрчлөх.
-Байлдааны болон дайчилгааны өндөр чадвартай мэргэжлийн цомхон армитай болох чиглэл барих нь зүйтэй юм шиг бодогдоно. Зэвсэг барьсан хүмүүсийнхээ тухай, Зэвсэгт хүчнийхээ тухай үнэн үг хэлэх, нэгийг бодох цаг иржээ. Зэвсэг барьсан хүмүүс бухимдах шиг аюултай юм байдаггүйг өнөөгийн түгшүүрт цаг үе харуулсаар байна.

Өнөөдөр бид Зэвсэгт хүчнийг үндсээр нь өөрчлөхгүй бол маргааш бид яргалал тамлалыг “харилцааны зөрчил” гэж эелдэгхэн нэрлэж, хийх юмаа олж ядсан аавын хөвгүүд бие биеэ тарчлаан зовоож эмнэлэг, шорон ээлжлэн явж тамын хүн тамдаа жаргалтай гэгч болно.

Орчин цагийн нэр нэгтнээсээ бүтэн үе мултарсан ногоон будагтай байлдааны зэвсэг техник бөмбөрцгийн нөгөө бөөрнөөс хөөрөх пуужингийн дуунд чичрэн, байгалийн салхи, хумхийн тоосонд дарагдаж, дарлагдаж, зогссоор л байх болно.

Өнөөдөр бид хагас алхам хийж, дутуу бодож, үнэн хэлснийгээ хялайж, үнэн дүрээ нууж, дутагдлаа зөвтгөж, иргэнлэг зориг гаргаж чадахгүй юм бол монгол шороон доороо тайван ч нойрсож чадахгүйд хүрнэ. Энэ бүхний цаана Монголын хувь заяа бий. Үүнээс илүү эрхэм, үнэтэй юм гэж бидэнд байхгүй!

БНМАУ-ын Бага Хурлын гишүүн, сэтгүүлч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ “Ардын эрх” сонин