Монголын рок поп, түүгээр ч барахгүй нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай дууны яруу найрагч бол МУСГЗ Үржингийн Хүрэлбаатар билээ. Түүний “алтан” хамтрагч бол Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжав юм. Д.Эрдэнэцэцэгийн “Чамайгаа оллоо”, С.Сэрчмаагийн “Ангир ижий”, Т.Ариунаа “Нарны хаан хүүхдүүд”, Б.Чинбат “Миний хайртын төрсөн өдөр” , Камертоны “Би монгол хүн”, “Төрсөн өдөр”, “Хуримын тансаг аялгуу” зэрэг 300 гаруй уран бүтээлийг хамтран бүтээжээ.

Бид энэ удаа хоёр эрхмийн “Миний хайртын төрсөн” дууг онцоллоо. 2001. 05. 07. 23 цаг 15 минут. Л. Балхжавын гэрт зохиогдсон түүхтэй энэ дууг хамгийн анх олон түмэнд хүргэсэн нь хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбат юм.

“Тэнгэрт харвасан од”, Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч”, “Цавчуур цэг ком” зэрэг ихэвчлэн киноны дуу дуулж олны танил болсон Б.Баярцэцэг өөрийн тоглолтод зориулж шинэчлэн дуулсны нэг нь “Миний хайртын төрсөн өдөр” байв. Тэрээр клипэндээ Очир хуримаа хийсэн хоёр буурайг оролцуулжээ.

“Миний хайртын төрсөн өдөр” дууг Б.Чинбат, Б.Баярцэцэг нарын хэн нь сайн амилуулсаныг дуунд дуртай сонсогч түмэн дор бүрнээ тунгаах биз ээ.

Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Л. Балхжав
Дуучин Б.Чинбат

МИНИЙ ХАЙРТЫН ТӨРСӨН ӨДӨР

Намуун аялгуут цэцгийн тухай дуугаа чамдаа би дуулна аа
Надтай учрах гэж чи минь төрсөн
Хаврын яргуй цэнхэртэн дэлгэрэх тэр цагаар би
Ханашгүй жаргалаа зүүдэллээ
Чандын холоос хайрын тухай дуугаа чамдаа би дуулна аа
Чамтай учрах гэж би ирсэн
Бүлээн уруулаас дурлалын үгийг сонсох тэр цагаар би
Бүхнийг мартан чамайгаа зүүдэллээ

Миний хайртын төрсөн өдөр
Мянган сарнай цэцэг дэлгэрнэ ээ
Миний хайртын мэндэлсэн өдөр
Хайрын бороо сэтгэлд шивэрнэ ээ

Тэнгэрт түгэх оддын тухай дуугаа чамдаа би дуулна аа
Тэврэлдэн учрах гэж гэж чи минь төрсөн
Тэргэл сартай алтан наран ихэрлэх тэр цагаар би
Тэнүүн жаргалаа би зүүдэллээ
Ятгын эгшиг хайрын тухай дуугаа чамдаа би дуулна аа
Янагхан чамайгаа гэж би ирсэн
Ялгуун талын усан зэрэглээ үелзэх тэр цагаар би
Ялдам сайхан чамайгаа зүүдэллээ

Миний хайртын төрсөн өдөр
Зуу зуун солонго зэрэг солонгорно оо
Миний хайртын мэндэлсэн өдөр
Зуны бороо сэтгэлд шивэрнэ ээ

Насны заяа ханийн тухай дуугаа чамдаа би дуулна аа
Намайг уяраах гэж чи минь төрсөн
Үүрийн гэгээ манхайн цайх тэр цагаар би
Үгүйлэхийн жаргалаа зүүдэллээ

Дуулаад дуусашгүй дурлалын тухай дуугаа чамдаа дуулна
Дурлаж дурлуулах гэж чи минь ирсэн
Учрах л гэж чамтайгаа учирсан тэр цагаар би
Ухаангүй хайртай гэж чамайгаа зүүдэллээ

Миний хайртын төрсөн өдөр
Гайхамшигт аялгуу эгшиглэнэ ээ
Миний хайртын мэндэлсэн өдөр
Ганцхан чамдаа хайраа шивнэнэ ээ
Миний хайртын мэндэлсэн өдөр
Мянган сарнай цэцэг дэлгэрнэ ээ
Миний хайртын төрсөн өдөр
Ганцхан чамдаа хайраа шивнэнэ ээ
Ү. Хүрэлбаатар
2001. 05. 07. 23 цаг 15 минут. Л. Балхжавын гэрт.

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбат “Миний хайртын төрсөн өдөр”

Дуучин Б.Баярцэцэг “Миний хайртын төрсөн өдөр”

Миний хайртын төрсөн өдөр

Дуулаад дуусашгүй дурлалын тухай дуугаа дуулна… Зүрхний цохилт нь хүртэл нэгэн хэмнэлд уусах бүх дурлалт хосууддаа зориулав. Аз жаргал сайн сайхан бүхнийг энэхүү уран бүтээлээрээ дамжуулан өргөн баръя. МИНИЙ ХАЙРТЫН ТӨРСӨН ӨДӨРШүлгийг Ү. ХүрэлбаатарХөгжмийг Л. Балхжав

Posted by Bayartsetseg Music Enterprises on Thursday, February 28, 2019

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал