Эгч эсвэл дүү чинь дуртай цамцыг чинь асуухгүйгээр өмссөн байхад ямар мэдрэмж төрдгийг мэднэ. Гэхдээ эгч, дүүтэй байх нь сэтгэцийн эрүүл мэндэд гайхалтай эерэг нөлөө үзүүлдэг хэмээн эрдэмтэд баталж байна.

АНУ-ын Бригам Янгийн Их Сургуулийн эрдэмтэд хоёр болон түүнээс дээш хүүхэдтэй 395 гэр бүлийн дунд судалгаа явуулахад сонирхолтой үр дүнд харагджээ. Судалгаагаар насны зөрүү, хүйсээс үл хамааран ах, эгч эсвэл дүүтэй байх нь хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Тухайлбал, гэмт хэрэгт холбогдох нь бага, сайхан сэтгэлтэй, өгөөмөр, бусдад тусламтгай нэгэн болж төлөвшихөд хүүхдүүд харилцан бие биедээ нөлөөлж байдаг гэж Бригам Янгийн Их Сургуулийн профессор Лаура Падилла Волкер ABC News-т ярилцлага өгөхдөө дурджээ.

“Ялангуяа эгч эсвэл эмэгтэй дүүтэй хүүхэд сэтгэл гутралд бага өртдөг. Түүнчлэн эгч, эмэгтэй дүүтэй байх нь өсвөр насныхныг ганцаардмал, хүмүүст хайрлагдаагүй, буруутай мэт мэдрэмжтэй, аймхай болохоос сэргийлдэг” гэдгийг профессор Лаура Падилла онцолжээ. Энэ нь охид аливаа асуудлын талаар ярилцахдаа сайн, халамжлах үүргийг илүү сайн гүйцэтгэдэгтэй холбоотой гэж судлаачид үзэж байна.

Үүгээр зогсохгүй хүүхдүүдийн хоорондын маргаан нь тэдэнд сэтгэл хөдлөлөө хянах, бусадтай харилцах, буулт хийх, зөвшилцөх зэрэг амьдралын чухал ур чадваруудыг зааж, хөгжүүлж байдаг гэжээ.
Дээрх судалгаанаас үзэхэд бусдад сайн дураараа туслах, хүмүүстэй сайхан харилцах зэрэг зан төлөвийг хүүхдэд төлөвшүүлэхэд ах, эгч нар эцэг эхээс хоёр дахин илүү нөлөөтэй байдгийг тогтоожээ.