Тун удахгүй үндэсний их баря наадам болох гэж байгаа билээ.  Монгол эрчүүдийн дийлэнх нь улсын наадамд тэр бөх түрүүлнэ хэмээн битүүхэн таамаг дэвшүүлсээр байгаа билээ. Тэгвэл энэ жилийн наадмаар түрүүлэх магадлалтай бөхчүүдийг бид нэрлэж байна.

Г.Эрхэмбаяр аварга 

Бөх хүний ноён нуруу, ёс жудгийг баримталж яваа олон сайн бөхчүүдийн магнай Монгол Улсын 21 дэх аварга Гунаажавын Эрхэмбаяр. Энэ жил 40 настай. 30 наснаас хойш гол амжилтуудаа гаргасан бөх. Өнгөрсөн жил нэг нутгийн, нэг голын Н.Жаргалбаяр дүүдээ заан цол бэлэглэсэн. Оюунболд, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий гээд Эрхэм аваргаас үлгэр жишээ авсан бөхчүүд олон. Энэ жилийн наадмаар 7-гийн даваанд зогсож байх л бөх. Эв нь таарвал үзүүрт үлдэх биз ээ. Ид барилдаж байгаа бөхчүүдийн манлай.

Ч.Санжаадамба аварга 

Отгон аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба Монгол улсын 22 дахь аварга. Аварга цол хүртсэнийхээ дараа өнгөрсөн жил Төв аймгийн Г.Ганжадад 5-ын даваанд өвдөг шороодсон. Улсад 5 удаа шөвгөрөөд байна. Наадамд 1 түрүүлсэн бөхчүүдээс Даян аварга цолтой болох хамгийн их магадлалтай бөх юм. Учир нь тэрбээр Г.Эрхэмбаяр аваргын дараа ам авна. Ямар бөхийг хаяж чадах учраас Энэ жилийн наадмын Гол өрсөлдөгч нь Ч.Санжаадамба аварга юм.

Монгол улсын 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбат

Улсын наадамд долоон удаа шөвгөрсөн бөгөөд өнгөрсөн жил дотны найз Ө.Бат-Оршихдоо “Тахим”-аа өгсөн. Үеийн бөхчүүдээсээ хамгийн түрүүн Аварга цолтон болсон ч амжилт нь ахихгүй байгаа. 2009-2011 онд цол нь ахих журмаар барилдсан ч сүүлийн 4 жил 6,7, 8 даваанд унаад буй. Заримд нь аргагүй унасан ч заримд нь барилдалгүй “унажээ”. Дөнгөж 32 настай түүнээс бөх сонирхогчид амжилт гаргахыг нь хүлээж байгаа. Энэ жил 512 бөх барилдах учраас 6,7-гийн даваанд тун хэцүү учраануудтай барилдана. Ялангуяа 7-гийн даваанд Арслангууд багтаж ядан байна.

Бага шөвгөрсөн ч том амжилттай Пүрэвийн Бүрэнтөгс

Төрийнхөө наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн. Тун сайн барилддаг ч хийтэй, бас дээр нь буруу ам авдаг. Өнгөрсөн жил Б.Тамирыг тавын даваанд амлан унасан ба 4 болон 5 даваанд харшилтай. Энэ даваагаа зөв хүн амлаад давчихвал цаашаа сайн барилдана. Гурван аварга гурвуулаа 5, 6-гийн даваа давчихвал Арслангуудын байдал ширүүснэ. Арслангуудын манлай учраас зөв хүнээ амлах нь чухал. Долоогийн даваанд ижил цолтонтойгоо юм уу? О.Хангай, Н.Жаргалбаяр зэрэг ширүүн нөхдүүдээс ам авах болно. Энэ наадмын Гол өрсөлдөгч бөх нь мэдээж Бүрэнтөгс арслан.

 

Улсын арслан Намсрайжавын Батсуурь

Эцэг болон эхийн талаасаа бөхийн удамтай Н.Батсуурь арслан улсын наадамд дөрвөнтээ шөвгөрчээ. Өдгөө 31 настай. 2013 оноос жил дараалан шөвгөрч байгаад өнгөрсөн жил 4-ийн давааны нугалаанд Булганы бөх Б.Тамирт өвдөг шороодсон. Энэ жилийн наадмаар дөрвийн даваанаас эхлээд хүчтэй өрсөлдөгчтэй тааран ам авахаас өөр аргагүй. Долоо , наймын даваанд тунах магадлал их. Нэгэн үеийн бөхчүүд бүгд Аварга, Арслан болсон болохоор өрсөлдөөн тун ширүүн байх болно. 2014 онд түрүүлсэн шигээ сайн барилдвал түрүүлэх ч боломжтой. Жүдо бөхөөр хичээллэдэг байсан нь түүнийг том амжилтанд хүргэсэн.

 

Энхтөгсийн Оюунболд

Ид 25 насныхаа жил дээр яваа бөх бол Обо арслан. 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болсон бөх. Түүний энэ амжилт  1963 онд Жигжидийн Мөнхбат аварга 22 насандаа түрүүлсэн амжилтыг давтсан. Ид түрүүлэх магадлалтай бөхчүүдийн хамгийн залуу нь.  2016 оны улсын наадамд 7 давсан бол өнгөрсөн жил гэмтлийн улмаас тавын даваанд О.Хангайд тахимаа өгсөн билээ. Энэ жилийн хувьд бэртэл гэмтлээс хол байж, бэлтгэлээ сайн тааруулах аваас түрүүлэх боломж тун их. Энэ наадмаар түүний өмнө 3 аварга, 2 хүчит арслан босох тул тунана эсвэл шилдэг бөх амална гэж бодох нь зүйтэй. Сайхан барилдах олон жил түүнийг хүлээж байгаа учир Дархан аварга болохын төлөө улам их хөдөлмөрлөх биз ээ.

Цэдэвийн Содномдорж


Ц.Содномдорж нь бие галбир сайхантай, уран гоё барилдаантай, олны хүндлэл хүлээсэн бөх билээ. Монголдоо хамгийн их дэмжигчтэй бөх Со арслан болов уу? Өнгөрсөн наадмын түрүү бөх Со арслан солонгост бэртэл гэмтлээ эдгээгээд ирсэн сураг оны эхээр гарч байсан. Зодоглосон хэдэн барилдаандаа ч нээх сайн байгаагүй. Гэхдээ энэ хугацаанд бэртэл гэмтлээ сайн эдгээсэн болов уу? Ямар ч бөхийг хаях чадвар түүнд бий.

Өнгөрсөн наадмаар аварга арслангууд 4, 5-ын даваанд олноор унасанаар зам нь сайхан засагдаж түрүү авч чадсан билээ. Төрийнхөө Их баяр наадамд таван удаа шөвгөрсөн. Отгон арслан Со энэ жил хоёр дараалж түрүүлэхийн төлөө барилдах нь тодорхой. Ер нь нэг түрүүлсэн Аварга арслан олон байгаа болохоор хоёр түрүүлээд Аварга цол авч чадсан нь ид үеийнхээ бүх бөхчүүдийн магнайд гарах ёстой. Түүний ширүүн барилдаанууд тавын даваанаас л эхлэх болов уу? Дөрвийн даваанд ч гэсэн цол горилж буй шилдэг залуус олон бий. Энэ наадмын хамгийн үзүүштэй гал гарсан барилдаанууд зургаагийн давааны төгсгөлөөс эхлэх биз ээ. Төрийнхөө есөн хөлт Цагаан тугаа дахин 9 тойроорой Со. 

Р.Пүрэвдагва

Улсын арслан, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, “Бөх билэгт” дэвжээний бөх Р.Пүрэвдагва төрийн наадамдаа гурвантаа шөвгөрсөн. Нэгэн үеийн аварга арслангуудаас хамгийн ахмад нь. Өдгөө 33 настай. Улсын цолонд 27 насандаа хүрсэн ч хөдөлмөрийнхөө үр шимд 2016 онд 9 давж үзүүрлэн Улсын арслан цол хүртсэн. Үүнд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн нь нөлөөлсөн байх.

Сонирхолтой нь тэгш тоогоор төгссөн жил сайн барилдаад байгаа. 2008 онд Архангай аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн бол 2010 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн байдаг. 2012 болон 2014 онд тав давсан бол 2014 онд үзүүрлэсэн. Энэ дүгнэлтээр бол 2018 онд түрүүлэх ч боломжтой. Арслангуудын хамгийн сүүлд эрэмбэтэй байгаа учраас маш хүнд барилдаануудыг хийнэ. Энэ наадмаар өмнө нь 3 аварга, 4 арслан босох учраас 5, 6, 7-гийн даваанд чанга бөх амална, эсвэл тунана. Юу болохыг 6 хоногийн дараа бид харах билээ. Дашрамд дурдахад Даншиг наадамд түрүү алдаагүй Дархан аварга. Мөн ӨМӨЗО-д болсон “Алтан бүс” барилдаанд болон Ерөнхийлөгчийн цомын барилдаанд түрүүлсэн. Мөн л 2016 ондоо. Өнгөрсөн наадмаар улсын харцага А.Цацавширыг амлаад өвдөг шороодсон билээ.