Олон нийтийн анхаарлыг татаж сүр дуулиантайгаар баривчлаад суллахыг сүүлийн үед “спорт загасчлал” хэмээн нэрийдээд байгаа билээ. Тэгвэл хамгийн сүүлд Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд буюу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан хэсэг бүлэг хүнийг саатуулсан ч шүүхээс сулласан билээ. Үүнийг цахим орчинд спорт загасчлал хэмээн нэрийдээд байгаа. Тэгвэл энэхүү спорт загасчлалын учир тайлагджээ. Өөрөөр хэлбэл Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар нарыг цагдан хорих эсэхийг Х.Идэр шүүгч шийдсэн. Тэгвэл Х.Идэр шүүгчийн аав нь өөрөө Эрдэнэт үйлдвэрээс сул цалин авдаг байсан ажээ.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчдын тусламжтайгаар өнгөрсөн долоо хоногт албадан ирүүлж, яллагдагчаар татах тогтоолтой танилцуулсан билээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэн прокурорын зөвшөөрлийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан. Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хувьтөгөлдөрийн Идэрийн захирамжаар Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар нарыг нэн даруй суллахаар болсон. Тэднийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж тэрбээр дүгнэсэн байдаг.

Тэгвэл ингэж шийдвэрлэснийг нь олон нийтийн сүлжээ болон зарим цахим мэдээллийн хэрэгсэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн заавраар сулласан гэх хардлага нийгэмд тархлаа. Учир нь дээрх захирамжийг гаргасан шүүгч нь УИХ-ын гишүүн асан, АН-ын нөлөө бүхий гишүүн Долгорын Хувьтөгөлдөрийн хүү байжээ. Д.Хувьтөгөлдөрийн хувьд МоАХ-ны нөлөө бүхий гишүүдийн нэг байсан, Ц.Элбэгдоржийн ойрын хүн. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан талынхныг шүүх ийнхүү маш хурдан шуурхай сулласан нь Ц.Элбэгдорж болон МАНАН бүлэглэлийнхний зохион байгуулсан ажил” хэмээн бичиж байгаа юм.

Тэгвэл шүүгч Х.Идэр ашиг сонирхлын зөрчилтэй хэрэгтэй шүүн таслах ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх мэдээлэл бидэнд ирлээ. Түүний аав Д.Хувьтөгөлдөр нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс сул цалин авдаг хүмүүсийн нэг аж. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн шахаагаар 2014 онд тус үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт медикал” эмчилгээ оношилгооны төвийн зохион байгуулалт, арга зүйн мэргэжилтнээр ажиллуулах тушаалыг ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн гаргаж байж. 2016 оны гуравдугаар сард “Эрдэнэт медикал” компани нь Японы хөрөнгө оруулалттай компанид шилжиж, зарим хүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хүний нөөцийн мэдэлд шилжүүлж, улмаар Д.Хувьтөгөлдөр нарын олон хүнд сул зогсолтын олговрыг мөн оны нэгдүгээр сараас эхлэн үндсэн цалингийн 60 хувиар тооцож олгохоор болсон аж. Түүнээс хойш өдийг хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-ээс үндсэн цалингийн 60 хувиар тооцож сул зогсолтын олговор Ц.Даваацэрэнгийн тушаалаар авч буй юм байна. Уг нь өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд Д.Хувьтөгөлдөрийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын төсөл боловсруулахаар болсон ч хараахан шийдвэрлээгүй юм байна.

Энэ баримтаас үзэхэд олны дунд байгаа хардлага үнэний ортой бололтой. Шүүгч Х.Идэрийн хувьд ашиг сонирхолын зөрчилтэй хэрэгт шүүгчээр ажилласан гэж үзэх үндэс ч байгаа юм. Уг нь “Нөлөөллийн мэдүүлэг” гээчийн шүүгч бүр хөтөлдөг ч төдийлөн авч хэлэлцдэггүй нь үүнээс харагдаж байна. Магадгүй шүүгч Х.Идэрийг ийм шийдвэр гаргахад аав нь нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Должингийн Эрдэнэбилэг болон бусад нэр бүхий хүмүүсийн холбогдсон хэргийн талаар бид удахгүй хүргэх болно. Учир нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар нарыг яллагдагчаар тооцон шалгах прокурорын тогтоолтой танилцуулахын тулд 3-4 удаа зарлан дуудах хуудас өгч, ирэхгүй болохоор нь ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчдаар байгаа газруудаас нь баривчлуулан ЭЦА-нд авчирсан гэдгийг эх сурвалжууд батлаад буй. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдаж авсантай холбоотойгоос гадна өөр бусад үйлдэл бий гэдгийг хэлж байна.

Я.Энхриймаа