Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үүрэг гүйцэтгэх үедээ хараа хяналтгүй ганцаараа явж байсан 1-2 орчим насны эрэгтэй хүүхдийг БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 16 цагийн орчимд олсон байна. Хүү хэлд ороогүй учраас өөрийн болон аав ээжийн нэрийг хэлж чадахгүй байсан тул нийслэлийн цагдаагийн газрын харъяа цагдаагийн хэлтсүүдэд зарлан мэдээлэл хүргэсэн боловч ар гэр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй байсан байна.

Алба хаагчид хүүг хуурайлж, хооллож ундлан, унтуулж, саатуулсаар орой болтол эцэг эхийн үүргийг орлон гүйцэтгэсэн юм. Алба хаагчид хүүгийн эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоохын тулд бүхий л арга хэмжээг авсан боловч олдоогүй учир хүүг 23:30 цагт “Хүүхдийн тусламжийн 108 төв”-д хүлээлгэн өгсөн юм.

Гэтэл эцэг эх нь хүүхдээ алга болсныг өчигдөр орой мэдэж 20:16 цагт цагдаагийн байгууллагад хандсан байна. Өөрөөр хэлбэл хүүхдээ алга болсныг нэг хоногийн дараа мэдсэн юм.

Учир нь хүүгийн ээж, аав салсан бөгөөд хүү аавтайгаа байдаг ч “ээж нь аваад явсан биз” хэмээн тоогоогүй орхисон гэнэ. Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна!!!