Game of Thrones үздэг хүмүүсийн хувьд дүр бүхэн өөрийн гэсэн онцлог шинж чанартай.

Нэгэн цагт The Mountain нэртэй тулаанч баатар эр байсан дүр маань дахин амилж, Серси Ланнистер хатантны бие хамгаалагч болж хувираад байгаа билээ. Тэгвэл хүн бүрийн сайн мэддэггүй зүйл гэвэл The Mountain буюу Серси хатны бие хамгаалагчийн дүрийг “дэлхийн хамгийн хүчирхэг хүн” бүтээдэг.

Исландын тамирчин Биорнссон нь 2011 оноос хойш “Дэлхийн хамгийн хүчирхэг хүн” тэмцээнд оролцож ирсэн бөгөөд 2018 онд уг тэмцээнд түрүүлсэн юм. Тэрбээр нэг жилийн дотор буюу 2018 онд дэлхийн хамгийн хүчтэй хүнийг шалгаруулдаг 3 тэмцээнд угсран түрүүлж, түүхэн дээд амжилтыг тогтоожээ. Тухайлбал Arnold Strongman Classic, Европын хамгийн хүчтэй хүн тэмцээн, Дэлхийн хамгийн хүчтэй хүн тэмцээнүүд юм. Дашрамд хэлэхэд Биорнссон нь мэргэжлийн сагсан бөмбөгөөр хичээллэдэг төдийгүй, улсынхаа дээд лигт тоглодог байжээ. Түүнчлэн HBO сувгийн “Game of Thrones” цувралын The Mountain хочит Грегор Клиганы дүрийг бүтээдгээрээ олонд танигдсан.

Түүний гэргий нь мөн фитнессээр хичээллэдэг сайхан бүсгүй байдаг. Тэд хамтдаа хүчний спортоор хичээллэж, бие биенийгээ урамшуулж, дэмждэг тухайгаа хуваалцах дуртай. Хосуудын нурууны өндөр огцом ялгаатай гэдгээрээ ч маш их анхаарал татдаг. Биорнссоны өндөр нь 205 см, харин түүний гэргий Келси Хенсоны өндөр нь 157 см юм. Тэд Келсиг Канад улсын нэгэн уушийн газарт зөөгчөөр ажилладаг байхад нь танилцаж, улмаар 2018 онд хуримаа хийжээ. Биорнссон өмнөх найз охиноосоо үлдсэн нэг охинтой юм байна.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан