Монголын уран зохиолд өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн яруу найрагч бол “Эгшиглэнт” яруу найрагч Намжимын Очирбат юм.

1989 онд яруу найргийн “Болор цом” наадмын сүүлийн хэсэгт үлдэж “Үнэг” шүлгээ унших байсан ч зарим атаач нөхдийн шахалт дарамтад автан тухайн үеийн үнэгэн зальтай, зусарч бялдуучдын үгэнд орж Зохиолчдын эвлэлээс хөөнө гэсэн сүрдүүлгээс болж “Болор цом”-ын эзэн болох боломжоо хаалгаж “Зүрхний хүлэг” шүлгээ уншиж наадмыг өндөрлүүлж байжээ. Нийгмийн гажуудал, үзэл суртлын дөнгө, оюун санаа сэтгэл зүйн дарамтад оруулж, цогтой, үнэн шударга үг хэлийг хааж боогдуулж, алив нэгэн бүтээл туурвилыг хянан цензурдаж хааж хорьж, шагнал урамшууллаас нь хойш чангааж хасуулж байсан нь цөөнгүй. Төрийн дууллын үгийг шинэчлэн бичсэн үг нь уралдаанд шалгарч, яруу найргийн бүтээл нь Төрийн соёрхолд хоёр ч удаа нэр дэвшиж байсан байна.

Гэсэн хэдий ч Монголын Чөлөөт Зохиолчдын Холбооны № 01 шагнал “ЭГШИГЛЭНТ ЯРУУ НАЙРАГЧ” цолыг хүртээжээ. Ойр дотныхон нь түүнийг “Оба” авгайлан дуудна. Эгшиглэнт яруу найрагчийн үзэл санаа, эгшиглэнт чанар түүний ач хүү Очирбатын Хурцын Жигүүрээр үргэлжилж байна.  Ач хүүгээ төрөхөд “Шонхрын жигүүр” шүлэг романаа гаргаж уг романы гол баатрын нэрээр нэрлэжээ.  Х.Жигүүрийн  анхны уран бүтээл нь өвөөгийнх нь шүлгээр бүтсэн “Дууны жигүүртэй амьдаръя” уран бүтээл байлаа. “Цэнхэрхэн яргуй дээшээ”, “Чин зүрхний хайр”, “Найзууд” зэрэг олон сайхан дууны уран бүтээл нь ач хүү Х.Жигүүрээр нь дамжин монголын ард түмэнд хүрч байна.

Маргааш буюу 03-р сарын 21-нд Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооны анхдугаар шагналт, “Эгшиглэнт” яруу найрагч Намжимын Очирбатын мэндэлсний 80 жилийн ойд зориулж Эгшиглэнт яруу найрагч Н.Очирбатын “ХӨХ ДЭВТЭРТ ЯРУУ НАЙРГИЙН УРЛАН” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ. Эрдэм шинжилгээний хурлын үеэр уран бүтээлийн үзэсгэлэн, гэрэл зургийн үзэсгэлэн, Н.Очирбатын “Хөх дэвтэр” хэмээх Монголын яруу найрагчдын дурсамжит мөрүүд” /нэмэн дэлгэрүүлсэн хоёр дахь хэвлэл/ ном, “Шүлэг цомог” бүтээлийн нээлт болох аж. Эрхэм та бүхнийг хүндэтгэн урьж байна

Хэзээ:  2019 оны 03-р сарын 21-ны 14:00-18:00 цагт

Хаана:  “Хүүхдийн төв номын сан”-ийн уншлагын танхимд

Холбоо барих:  88017788, 99711601

 

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал

 

Эгшиглэнт яруу найрагч Н.Очирбатын ач хүү Х.Жигүүр