Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нь 2019 оны 03-р сарын 20 ны өдөр олон нийтэд хандаж өөрийг нь цагдаагийн байгууллагаас дуудсан талаар хэвлэлийн хурал хийв. Тэрээр мөн өөрийгөө цагдаагийн байгууллагад ажиллаж байсан талаараа хэлсэн юм, өмнө нь ч тэрээр нэг бус удаа цагдаагийн бэлтгэл офицер байсан талаараа дурдаж байлаа. Тэгвэл Х.Бат-ялалт гэж ямар офицер байв?. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүрээнд түүнтэй хамт ажиллаж байсан болон бусад эх сурвалжаар бидний олж авсан мэдээллээр Х.Бат-ялалт нь 1997 онд Цагдаагийн дээд сургуульд элсэн суралцаж, Архангай, Хан-Уул дүүрэг, Төмөр замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад ажлаа тасалсан үндэслэлээр дутагдлаар халагдсан нэгэн юм байна.

Тэрээр цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2000 онд жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцон албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн зүй бусаар харьцан, танхайрч ажлаа хийж байсан цагдааг ганц худагт хориулах хүртэл арга хэмжээ авахуулж, эцэстээ өөрөө буруутан болж ажлаасаа халагдсан бололтой юм.

Тэрээр Төмөр замын цагдаагийн хэлтэст шилжин ирснийхээ дараахан АНУ-д суралцах эрх авч үүндээ эрдэж ажлаас нь чөлөөлөгдөх албан ёсны шийдвэр гараагүй байхад дур мэдэн ажлаа хаяж, төрийн албыг үл хүндэтгэж, ингэснээр 2000 оны 11 дүгээр сард дутагдлаар халагдсан байна. Эцэстээ энэ хүн цагдаагийн байгууллагатай өстөн болж хувирсан. Бас болоогүй төрийн зардлаар буюу тухайн үеийн 12 мянга орчим ам.долларын өртгөөр АНУ-д боловсрол дээшлүүлж, буцаж ирээд төрийн албандаа ажиллах байтал нэгэнт халагдсан учир ажилдаа орж чадалгүй мөр зэрэгцэн явж чадаагүй дээ цагдаа, хуулийн байгууллага руу дайрсан үйлдэл гаргах болжээ гэж дүгнэж болохоор байна. Саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Х.Бат-Ялалтыг улсын зардлаар боловсролоо дээшлүүлсэн боловч сургалтын төлбөрөө одоог болтол 19 жилийн турш барагдуулаагүй тул түүнд 65 сая төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан мэдээлэл цацагдсан байна.

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт гэж хэн бэ?Төрийн албанд нэгэнт алба хашиж чадахааргүй болсон тул улс төрийн карьер хөөх ажилдаа орж нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулан бусдад эрх зүйн туслалцаа үзүүлэх нэрээр олонд танигдах, бусдыг өөрийнхөө гар хөл болгох байдлаар ашиглаж жагсаал цуглаанд иргэдийн эмзэг асуудлыг хөндөж олон нийтийг бухимдалд хүргэх гэсэн улиг болсон арга ашиглан олонд танигдах оролдлогыг явуулж байгаа. Тухайлбал: Ээжүүдийн холбоо, Монголын худалдаачдын холбоо зэрэг ТББ-уудын зохион байгуулж буй жагсаал, цуглааны цаана Х.Бат-ялалт байгаа гэдгийг хэвлэлийн мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийхэд л тэнэг хүн ч ойлгоно. Мөн бас нэг үйл явдлыг сануулахад Булган аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь мөрдөн шалгах ажиллагаанд нь нөлөөлсөн, уг цагдаагийн албан хаагчийг амь насаа алдахад хүргэсэн гэх асуудлаар тэрээр одоог хүртэл шалгагдаж байгаа мэдээлэл байна.

Харин нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгтэй холбоотой бичлэгийг бусдаас авч, түүнээс их хэмжээний мөнгө авч шантааж хийсэн асуудалд одоо шалгагдаж байгаа нь тодорхой боллоо. Тэрээр тухайн үедээ хэн нэгний зорилго нь хангагдсан уу, сүр дуулиантай мөнгийг буцаан өгч байсныг олон түмэн санаж байгаа. Харин одоо Цагдаагийн байгууллагаас түүний гэмт үйлдлийг шалгах явцад саад учруулж улс төрийн захиалга явуулж байна гэсэн хариулт хэлээд өөрийгөө улсын баатар мэт цоллон хэвлэлийн хурал зарлаж ээлжит шоугаа хийж эхэлсэн. Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хурлаараа хэлэхдээ “….Л.Эрдэнэчимэг нэр дэвшигчийн бичлэгийг Сонгинохайрхан дүүргийн засаг дарга М.Чинболд надад энэ бичлэгийг өгсөн” хэмээн өөрийгөө уснаас хуурай авч гарах гэсэн арга сүвэгчилсэн байна. Цаашид Х.Бат-Ялалт энэхүү бичлэгийг хаанаас авч, хэн гэдэг хүний захиалгаар олон нийтэд цацсан асуудлыг Цагдаагийн байгууллагаас тогтоох л үлдэж байна.

Өөрийгөө эрх зүйч мэргэжилтэй, өөрийгөө өмгөөлөл хийх эрхтэй мэтээр хуулийг тайлбарлаж зөвтгөж байгаа ч бодит байдал дээр хуульч биш, өмгөөллийн эрхгүй хүн, хуулийг өөрийн дураараа өөрчлөн тайлбарлаж байгаа нь, эрх зүйн шинэчлэл бус доройтолд оруулах байдал үүсгэх болов уу. Мөн хэвлэлийн хурлаараа хэлэхдээ өмгөөлөлтэй холбоотой асуудлаар “Нямдорж, Тэмүүжин нарын гаргасан Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг яримааргүй байна”, мөн “…Өмгөөллийн эрхээ алдахаас айсан хэсэг бүлэг хүмүүс хэдхэн өмгөөлөгчид эрх олгож байгаа асуудал, амбиц гаргаж тусгай зөвшөөрөл авдаг болгосон, энэ асуудал хүний эрхийг хангахгүй байна” хэмээн ярьж сууна. Энэ мэтээр улс төрд гарах шалтгаанаа тодорхой хэлж, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоонуудад бүртгэлд орж чадахгүй байдалдаа өс санасандаа илэрхийлж байна.

Иймээс түүний эцсийн зорилго улс төрийн тогоонд орж УИХ-ын гишүүн болсноор өөрийн дураар хууль өөрчлөх гэсэн далд санаа агуулж байгаа нь ил боллоо.