Бид өөрсдөдөө итгэдэггүй. Төр нь иргэддээ итгэдэггүй, өөрсдийнхөө бизнесийнхэнд итгэдэггүй, дэмждэггүй. Гаднынхан гэхээр л хамаг хаалга үүдээ дэлгээд л гүйлдчихдэг. Өнөөдөр өөрсдийнхөө дотоодын хөрөнгө оруулагчдаа луйварчин тонуулчаар нь дууддаг. Бяд суугаагүй, балчир гэж дүгнэдэг. Өөрсдөө нөмөр нөөлөг болдоггүй. Татвараа л авдаг. Та бод л доо. Бизнест ч чи пацаан гэж хэлүүлсээр явж байна. Улс төрд мөн адил. Тэгэхээр амьдралын бүх юмыг үзээд хараад, хуруугаа дүрээд, түлэгдээд, шархдаад, алуулаад, хэлүүлээд, доромжлуулаад л, шоронд ороод, бүх юмыг нь туулаад үзчихсэн туршлага байхад чинь тэр гоё цагаан гартай, цагаан захтай ах нарын маань гоё хүүхдүүдээс дор үзэгдэж байна. Би тэднийг буруутгаж байгаа юм биш. Ерөөсөө систем маань өөрөө ийм байдал руу түлхжээ гэдгийг л хэлээд байгаа юм. Өнөөдөр дэлхийн амьдралыг тодорхойлдог улс орнуудын түүхэнд 20-25 жил нь бол дандаа үсрэнгүй хөгжлийг улс орондоо хийж чадсан цаг хугацаа байдаг юм байна лээ. Тэр үсрэнгүйг хийхэд 20-25 жил хангалттай байдаг юм байна. Дэлхийн 2-р дайны дараа Герман улс хоёр хуваагдчихсан АНУ, ЗХУ хоёр хоёр тасдаад авчихсан. Ийм дорой буурай болсон байсан улс ердөө 25 жилийн дараа Европын тэргүүлэх эдийн засагтай улс болтлоо бие дааж хөгжиж чадсан байна. Бид нар бол тийм цэг дээрээс яваагүй байхгүй юу. Бид нар бол дайнгүй, дажингүй, бөмбөгдүүлчхээгүй, аж үйлдвэрийн суурьтай, мал аж ахуйн суурьтай, хөдөө аж ахуйн суурьтай, боловсон хүчний суурьтай, боловсролын суурьтай ийм гараан дээрээс эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ 25 жилийн хугацаанд чинь эрх барьсан том намууд чинь юу хийж байсан юм бэ. Ямар бодлого нэвтрүүлсэн юм бэ. Хэрэв тэд нарын зөв байсан бол өнөөдөр бид нар ямар болчихсон байх ёстой юм бэ. Эргэн тойронд байгаа хүмүүс ямар амьдралтай болчихсон байх ёстой юм бэ. Хөдөлмөрлөж чадсан, хожиж чадсан, аз нь тохиосон цөөхөн хэдэн хүмүүс л аятайхан амьдарч байна шүү дээ. Дийлэнх массаараа, 90 гаруй хувиараа тэр доор л амьдарч байна шүү дээ. Энэ чинь бид нарын зүтгэсэн хөгжил биш шүү дээ.