Монголбанкнаас өнөөдөр хэвлэлийн хурал хйиж,  Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа зарлалаа.

Банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80%-тай тэнцэж байгаа гэдгийг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ.

Хадгаламжийн даатгалын корпорац иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ХААН банканд шилжүүлж, ямар нэгэн хохиролгүйгээр олгох юм байна.

Монголбанкны мэдээлж буйгаар Капитал банканд иргэн, аж ахуйн нэгжийн 256 хадгаламжийн данс байгаа бөгөөд 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацад даатгагджээ.

Хадгаламжийн даатгалын корпорацын санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан бөгөөд үүнээс иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгох аж.

Энэ тухай Монголбанкнаас мэдэгдэл гаргасан.

Мэдэгдэлд 

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан болно.

Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэв.

Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авна уу.

МОНГОЛБАНК, ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ