НАМАЙГ ЭЗГҮЙД ИЖИЙГ МИНЬ БИТГИЙ ЗАГНААРАЙ..

Бүдэг цагаан үүлсийн

Бараа захлах алсад

Бодлоо зүйж

Үрээ санан байгаа

Буурал ижийг минь

Битгий загнаарай

Аягатай цайгаа цалгиулж

Амссан хоолондоо хахуулж

Аягүй үгээр цухалдавч

Азай ижийг минь бүү зэмлээрэй

Барьсан тавьснаа мартаж

Босон суун уймравч

Баргийн сайханд сэтгэл нь дэвтэхгүй

Бүлээн нулимсаа хүний юм шиг асгавч

Бурхан ижийг минь битгий загнаарай

Өнгө сайтай чихэр бүхнийг өвөртөлж

Өөрөө идэхгүй өрөм тос хурааж

Өвлийн хүйтэн шөнө цурам хийхгүй өнжөөд

Өглөөний нар өнчин нулимстай тослоо гэж

Өндөр ижийг минь битгий зэмлээрэй

Саран гэрэлт магнайдаа

Сүүдрийн гуниг буулгаад

Санахын далайд үрээ тэмтчин цөхрөөд

Сүүн цагаан нулимсаар зүрхээ угааж суугаа

Сайхан ижийд минь та нар битгий хатуурхаарай

Хир халдаахгүй өмөөрөх

Хүү нь эзгүй өнчин байхад нь

Хаалга цонхны хооронд гэрийн аахар явдлаас

Хайрт ээжийг минь битгий загнаарай

Үрээ санасан эх хүн

Үүлэн дотортой байдаг биз

Үгүйрэн хоосрох миний зайг

Үргэлжийн дутуугаар дүүргэдэг биз

Дотор нь даарч яваа болохоор

Доголон ааш гаргаж мэднэ

Дандаа бэтгэрч байгаа болохоор

Дуугүй дүнсийж удаж мэднэ

Дутууг нь дүүргэх хүн надаас өөр байхгүй

Дураар нь байлгаарай

Битгий загнаарай

Наран бугуйлдаж хадган дээр бариад

Намайг ижийдээ очиж золготол

Насаа удаашруулж үрээ хүлээж байгаа

Намхан ижийг минь бүү зэмлээрэй

Ноднин хавар сэтгэлийг нь нөмөрч гараад

Нутгийн зүг хараа эргүүлэвч, хариагүй яваа

Нууж хадгалсан чихэр бүрийнх нь эзэн

Нулимс дуу хоёрынх нь шалтгаан

Намайг харин та нар загнаарай, битгий магтаарай

Намайг эзгүйд ижийг минь битгий загнаарай!