Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс (МХХ)-ийн дарга М.Баасандорж Н гэх байцаагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдол цагдаагийн байгууллагад ирснийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа.  Тэгвэл түүний дарамтад өртсөн гэх Н байцаагч гомдол гаргаагүй гэдгийг эх сурвалжууд баталж байна. Цагдаагийн байгууллагынхны шалгаж буй үйл явдал 2018 оны долдугаар сард Сүхбаатар дүүргийн IX хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нэг караоке бааранд болсон аж. Байцаагч эмэгтэйг ариун цэврийн өрөө орох үед М.Баасандорж оролдсон аж. Байцаагч эмэгтэй энэ талаараа цагдаад ч, Мэргэжлийн хяналтын байгууллагын ёс зүйн хороондоо ч гомдол гаргаагүй юм байна. Чухам хэн энэ тухай цагдаагийн байгууллагад мэдээлснийг аль аль тал нь мэдээгүй аж.


Тэгвэл бусдыг хүчирхийлсэн гэх дуулианд холбогдоод байгаа Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээснийг баттай эх сурвалжууд мэдээлэв.
Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортолж, худалддаг “Ханара март” ХХК-ийн хугацаа нь дууссан барааг зөрчилгүй гэж дүгнэн тус компанийн хүнсний дэлгүүрийн худалдагч О, М нараас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагынхантай холбоотой өөр хээл хахуулийн гэмт хэргийг шалгаж байх үед энэ асуудлыг АТГ-ынхан илрүүлсэн юм билээ” гэсэн юм.
Харин хэчнээн төгрөгийн хахууль авсан, эсвэл бүр аваагүй юу гэдгийг мөрдөн шалгах явцад нарийвчлан тогтооно гэдгийг АТГ-ынхан өгүүллээ.