Х.Болор-Эрдэнэ

Үл таних эхийн өчил

/Хэдийгээр энэ эх хүүгийнхээ насан багад нь өөд болсон ч хэрвээ амьд мэнд суусаар бүгдийг үзсэн бол ийнхүү өгүүлэх байсан болов уу хэмээх зохиогчийн халилаар энэхүү өгүүллэгийг тэрлэв. Хэлмэгдэн цаазлагдсан хүмүүсийн ард шаналж хоцорсон мянга мянган монгол ээжийн гэгээн дурсгалд зориулав./

Түмэн олон хэлэлцэх нь миний хүүг уул өргөм том эр болсон л гэнэ. Улс орон, улаан төрийнхөө тамгыг барьсан л гэнэ. Бараа сүрнээс нь эмээгээд багын нөхөд нь хулгадаг л гэнэ. Буутай цэргээр мануулсан сүрхий өргөөнд суудаг л гэнэ. Мэдэхгүй юм даа. Ижийдээ ирж золгоод магнайгаа үнэрлүүлэн инээж л суусан. Тийм том дарга болсон янз лав мэдэгдээгүй. Би чинь муу хүүгээ тулганаас өндөргүй балчирхан л гэж бодох юм. Юуных нь сүртэй сүйдтэй том эр байх вэ дээ.

Хүүдээ гэж зун, намрыг дамнуулан оёж суусан хүрмэн тэрлэгний сүүлчийн товчийг нь хадаж дуусаагүй байтал жин үдийн нар өнгийх нэгэн өдөр манай гадаа хэдэн морьтон дөрөө мултлав. Хөлс дааварласан царайд нь сүүдэр хүүшилсэн тэд хүйтэн хатуу үгсээр элдвийг байцааж, учир мэдэхгүй зүйлс асуун шалгааж байснаа хүүгийн минь гэсэн болгоныг дансалж боож аваад, түйтгэрт хөөгдсөн мэт яаран одоцгоож билээ.
Мэгдэн сандрах хөгшин надад уцаарлаж хэлсэн тэдний амнаас “Хүү чинь ангийн дайсан. Гадаадын тагнуул. Урвагчийн ээж чи мэдсүгэй!” гэх хахир хэдхэн үг л үлдэж хоцорсон юм. Тэгэхэд тэнгэр ниргэх шиг л болсон доо.

Тэр өдрөөс хойш л дээлтэйгээ хатаж сууна. Хүн амьтан үймэж, нутаг орон улам түгшүүртэй боллоо гэх “ханцуй дамжсан” шивнээ хаа сайгүй дуулдаж, халуун энгэр давчдуулан, хар совин татуулах болов. Нэртэй сүртэй улсыг нэг нэгээр нь түүгээд, төрдөө нүүртэй болгоныг тууж бариад явдаг болсон гэнэ. Зарим нь орчлонгийн заагаар орчихсон мэт ор сураггүй, нөгөө хэсгийг нь ардын дайсан гээд төрийн цаазаар аваачиж байна гэх. Бүү үзэгд.

Бурханд сүслэдэг мэгзэмээ төр засгийн уриагаар сольж, бүчин хүрээлэх түмнийхээ төлөө бүтэн нойртой хонож завдаагүй миний хүү тийм байх ёсгүй. “Ороо бусгаа энэ цагт гүжир хэрэгт гүтгэгдсэн нөхдөө өмгөөлж, эндүүрч хардсан буруу сурталтны өөдөөс зоригтой дуугардаг ганц хүн” гэж зарим нөхөд нь сайшааж байхыг энэ хоёр чихээрээ дуулсан юм. Эндүүрэл гараа байлгүй дээ, төрийн минь сүлд өршөө.

Миний хүү ухаан орох цагаасаа л судар ном шагайж, бичиг цаас нийлүүлэн эрдмийн мөр хөөсөнсөн. Эрийн цээнд хүрэнгүүтээ төрийн хэрэгт туслалцаж, эх орныхоо төлөө гээд амин жаргалыг умартан цаг наргүй зүтгэсэнсэн. Ийм хүү яагаад ардын дайсан болно гэж? Ийм хүү яагаад Монголын дайсан болно гэж? Ийм хүүтэй ижий яагаад цацал өргөх зүгээ мэдэхгүй ор сураггүйн дундаас үрээ хүлээж сууна гэж?

Зулын дөл сүүмэлзсээр бөхөх энэ шөнийн амсар дээр элээх эзэд нь аль эрт мартаж хулжсан эмгэн миний уяан дээр ган дөрөө хангинуулсаар ганц морьтон буух шиг болов. Насны эрхээр муудсан чихэндээ итгэх баахан гоомой ч хол ойрын чимээ чагнах гэж, хоосноос ургуулж сонордсоор суух тул гадаах чимээг чагнаархан хэсэг хүлээв. Ган дөрөө ханхийгээд алга болчих шиг. “Гайгүй дээ муу дүлий чих чамайг” гэж амандаа бувтнасаар галынхаа өмнө бохирлоо.

Бөв бөв чимээ өгдөг хөгшин халтар өнхөрснөөс хойш бөгтөр чавганц миний энэ муу хоёр чих хий шуугих нь арвин болоод барин тавин уймрах надаар баахан даажигнадаг болоод байгаа юм. Овоохон сонсголтой гэж тоодог зүүн чихээ гэрийн хананд наах шахан хэсэг суулаа. Бас л андуурч гээд өөрийгөө зэмлэж суутал чагтага нь суларсан муу гэрийн маань үүд гэнэт сэвхийтэл нээгдээд харуй бүрийн дундаас хэн нэг нь ороод ирлээ шүү. Алдуул малын эрэлчин, аян холын бадарчин алин ч байлаа гэсэн ардын дайсны гэрт айж цэрвэлгүй ороод ирсэнд нь итгэж ядахдаа “ХЭН БЭЭ?” гэж дуу алдлаа.

-Та амар сайн байна уу? гэх идэр насны эр хүний намуухан дуунаар хүү минь ирэв үү гэсэн горьдлого гадаах харанхуйн дунд уусан сарних мэт болсон ч, гангар гунгар хийх ханьтай болсондоо бишгүй олзуурхаад,
-Мэнд ээ, амгалан сууна даа хүү минь гээд цовоо гэгч нь хариу хэллээ. Гийчин эгээ л гэрийн эзэн аятай хойморт гарч бохирон суухад, үдэш бүр халуун цогон дээр бүлээтгэн орхидог гуулин тунхуутай цайнаасаа би яаран аягалав. Тэгээд хэрэг зоригийг нь мэдэхээр тэсч ядан догдлох сэтгэлээ арайхийн тогтоогоод,
-Заа аль газрыг зорьж явна даа, хүү минь гэж асуув.
-Энэ зуур аа, буурай. Ганц гэрээр зам сахиж буусан гэдгийг тань сонсоод сэм хайсаар бүрий тааруулан олж ирлээ. Холоос захиатай ирсээн. Хонож саатахгүй буцна аа гэхэд нь дөхүүлж байсан аягатай цайгаа алдаж асгаад сөхөрчихөв. Хүүгээс минь өөр хэн намайг санах билээ? Хүний нүд хариулан хэн наашаа зорих билээ? Хоёр нүдний нулимс хацар даган асгарч, салгалан сөхрөхдөө тулганы галын ганц цучил хормой дээр үсрэхийг ч анзаарсангүй.
-Буурай та, тайван бай. Сайн мэдээ биш ч, муу мэдээ бас биш ээ. Танд өгөөрэй гэж хүү тань захиа дайлгасан юм аа. Их холоос ирсэн тул хугацаа жаахан алдсан байх вий гэж бүрэнхийн хүн бүгтхэн өгүүлээд, омойтон түлэгдэх хормойны маань цогийг нударгаараа цохин унтраалаа. Тэгээд овоо тухлах нь уу гэмээр янзтай дээлийнхээ захны товчыг тайлж байснаа гэнэт хүзүүндээ зүүсэн ууттай сахиусыг тайлж аваад, оосрыг нь хуйлан багасгаад, гарт минь атгуулав.

Тэр жил манцуйнаасаа хараахан гараагүй байсан хүүгийнхээ заяа төөргийг үзүүлэхээр Данжин гавжийг залж ирэхэд тэрээр улаан нялзрай хүүг минь өнгийж нэг хараад, шоо хаяж судар ном эргүүлэн амандаа баахан бувтнаж сууснаа:

-Хачин юм даа. Харц шахуу хүний хүү байж хаан суух одонд төржээ. Түмний санаа өөрчлөгдөх нь дээ гэж гайхан өгүүлээд “Төр эргэх бололтой” гэж өөртөө хэлэв үү гэмээр бувтнаснаа шившиж тарнидсан энэ улаан сахиусыг хүзүүнд нь зүүж өгснийг саналаа. Тэр үеэс хойш хэзээ ч биеэсээ холдуулж байгаагүй амин сахиусаа хүү минь замын хүнд дайгаад ижийдээ илгээжээ. Яав ч сайны дохио биш гэдгийг ойлгомогц хар аяндаа асгарах нулимсаа ч шудрах сөхөөгүй, хаа холоос хүүгийн минь үнэрийг тээн ирсэн хуруухан чинээ тэр уутыг дэмий л үнсэн үнэрлэн суулаа.

-Буурай, та амар байж сэтгэлээ барь даа. Уулзсан хүний хэлэх нь таны хүү амар мэнд байгаа гэнэ. Илгээж буй энэ захидлыг ээжийн минь гарт хүргэх хүн доторхыг нь нээж уншиж өгөөрэй гэж хэлүүлсэн байсан. Би танд дуудаж өгөөд мордъё доо гэж гийчин намдуухан өгүүлэв.

Үүнийг дуулмагц алганд тонгочих тэр хуруухан чинээ сахиусыг хурдхан гэгч гийчнийхээ гарт атгуулаад, жаргах шахсан гуулин цөгцтөй зулаа сэргээгээд дэргэд нь сөхрөн суулаа. Ирсэн хүн хутгаа хуйнаас нь сугалаад сахиусыг чивчиртэл ороосон торгон утсанд үзүүрийг нь хүргэх төдийд уяа нь сулран тайлагдаж сая хөгжөөсөн зулын гол шиг нарийхан хуйлсан зузаавтар муутуу бололтой зүйл алган дээр нь унав.

Бадамлан асах зулын гэрэлд шөнийн гийчин ихэд сэрэмжилж буй бололтой ийш тийш чагнаархан хэсэг сууснаа намуухан дуугаар ээждээ илгээсэн хүүгийн минь захидлыг хандуулж тавьсан зүүн чихэнд минь ийнхүү дуудаж өглөө.

“Амар байна уу, ижий минь? Хүү нь амар сайн байна аа. Ам цаасаар бие болгон таныхаа гар дор илгээх энэ захидал эзэндээ хүрч чадах эсэхийг хүү нь таашгүй. Нэгэн хүсэл гэвэл ижий таниар уламжлан элгэн садан монгол түмэндээ сэтгэл бодлоо уудлан үлдээе хэмээн зориглолоо. Энэ магад миний сүүлчийн зурвас байж мэднэ. Хүүгийн тань гагц эрмэлзлэл бол Монгол орон хөл дээрээ бат зогсож, хэн ч халдашгүй тусгаар эрхтэй улс гүрэн хэвээр өнөд оршоосой гэсэн чин хүсэл байлаа. Үүнийг та үл андах биз. Учир иймээс мөхөс миний бие гар ганзаганд, хөл дөрөөнд хүрсэн арвангурван наснаас төр улсын хэрэг лугаа сэтгэл шулуудан оролцож, улсын эрх ашиг, олон ардын төлөө нэгэн насыг зориулах санаа зориг дүүрэн байлаа. Бивээр зоригт өвөг дээдсийн минь илдний ирээр бүтээгдэж, ухаант ардын бийрийн үзүүрээс тунгаагдан өнөөг хүртэл уламжилсан шастир түүхийг мөнхүү бийр бэхсээр бичиглэмүй хэмээн өөрийг үл голон оролдсон төрийн хар хүн болой. Энэ улсын зовлон жаргал хийгээд мандан бадрал мөн унан доройтол нь гадны хэнээс ч үл хамааран зөвхөн монгол хүнээс өөрөөс нь шалтгаална хэмээн бодно. Монгол монголоо химлэхээ больж, монгол монголоо дэмнэн тэтгэх цаг дор сая улс гэр амаржин тэнхэрмүй. Би улс орондоо хайртай болохоо өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэндээ сэтгэл амгалан байна. Гэвч миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст нь урвагчид тооцогдож, түшин хамгаалж ирсэн олон нөхөддөө хаягдаж туурга тусгаар Монгол улсынхаа өр зүрхэнд шигсэн өргөс мэт болов. Өр өвдөж зүрх зүсэгдэж байна.
Би Монголын ард түмэндээ хайртай, мөн Оросын ард түмэнд ч элэгтэй. Гэхдээ улаантан, тэдний засагт дургүй. Учир нь тэд аливаа том гүрний нэгэн адил Монгол Улсыг эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна. Би Зөвлөлтийн бодлогыг эсэргүүцдэг гэдгээ хэзээ ч нууж хааж байгаагүй, нуух ч үгүй. Бусдын хилс мэдүүлгээр баригдсан улсууд бол бүгд хувьсгалын эсэргүүнүүд огт биш. Тэд бол хүчинд автаж, аргагүй байдалд хүрч, зохиомол хэргийг хилсээр хүлээсэн хүмүүс.

Манай олон монголчууд хатуу ширүүнээр тамлуулсны учир өөрсдийнхөө тухай болон бусдын талаар худал мэдүүлэг өгсөн. Тэднийг гэм зэмгүй байхад нь баривчилсан. Намайг ч бас БНМАУ-ын хувьсгалын эсэргүү, нармай Монголын тагнуул-хуйвалдааны байгууллагын удирдагчдын нэг нь гэж эд нар буруутгаж байна. БНМАУ-д хувьсгалын эсэргүү ямар ч байгууллага байгаагүй. Хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг л тийм маягаар Зөвлөлт улс Монгол улсад хандаж байгаа. Түүний нэгэн тод жишээ нь би буюу. Төрийн сүлдэнд минь сүүдэр тусгасан, түгшүүр, айдас, хэлмэгдэл бүхэн надаар дуусаг. Анд нөхдийн минь цусыг урсгасан аюулт энэ шуургыг өөрийн дан амиар өчүүхэн цэг тавин хаая. Ухаантныг мянгаар нь хөнөөлөө ч улсын минь сүлд хазайхгүй ээ. Ийм төгсгөл үзүүлж буйд хүүгээ өршөөгөөрэй, ижий минь”…

Шөнийн гийчний дуудаж өгсөн захидлын сүүлчийн өгүүлбэрээс сүрдэх мэт сүүмэлзэх зулын гэрэл гэнэт бадамлаж сүрхий ихээр цоролзов. Онгойж харласан хүйтэн бууны овоо хараан доороос дуудах шиг “Ижий” гэх хүүгийн минь дуун чихэнд зурсхийн орж ирэхүйд орчлонгийн бүх чимээ бүдгэрэн одов.

Сүүлчийн амьсгалаа татахын өмнө үр минь ижийгээ нэг дуудсан нь тэр байх. Тасхийх буун дуутай зэрэгцээд тал нутгаа сэтгэлдээ нэг харсан байх. Харийн нутагт хүйтэн бууны хараан дор халин одсон хүүгийн минь хатамжлан тэвчсэн ганцхан хүсэл нь тулж тэнцсэн эх орных нь тусгаар тогтнол байж дээ. Ээждээ эргэж ирээгүй үр минь. Гэвч эх орондоо сэтгэлээ хадсан хүү минь эцсийн амьсгалаа татах хүртлээ эгэл олноо хайрласаар явсныг, Монгол түмэндээ нүүрлэсэн аюулыг ганцхан биеэрээ хаацайлах гэж далайсан цохилтыг өөртөө хураасаар толгой гудайлгүй хальж одсоныг олон бүгдээр эгнэгт санаж яваасай.

Хүний ёсоор оршоогдолгүй, харийн шороонд шингэсэн хонгорхон хөвгүүдээ хүлээсэн ижий нарын сэтгэл амьд үхсэн алин боловч эмхэрч амарсан нь үгүй.

Сэмэрсэн энгэрийн минь торгон эмжээр шинэхэн цас шиг гялалзан байхад алдуурсан дурдан бүсний минь алгын чинээхэн үзүүрээс хөвүүн үр минь надад ирсэн юм. Нэрийг минь хэзээ ч сонирхоогүй та нарт нэг л үгийг би хэлье. Миний хүү бол Тусгаар Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амар билээ.

2018.04.25 France, Tours.