Хар тамхины түүх
Хүн төрөлхтөн бичиг үсэггүй, балар эртний үеэрээ амьдарч байсан үеийг “Түүхийн өмнөх жилүүд” гэдэг. Тэр үеэс байгаль дээрх зарим өвс ургамлууд домог зүй, шашин, урлаг, хүн болон нийгмийн амьдрал, эдийн засаг, улс төр, дайн, шинжлэх ухаан, анагаах ухаанд тодорхой үүрэг гүйцэтгэх болсон байдаг.
Анх хүмүүс амьдарч буй орчиндоо байгаа ургамал, өвснүүдийг хүний сэтгэл санааны нөхцөл байдалд нөлөөлдөг болохыг ойлгож эхэлсэн байдаг. Гималайн уулсын бэл, Андын уулсад ургадаг кокайны бутнууд, цөлд ургадаг кактуснууд сэтгэл санааг өөрчилдөг ургамлуудаас анхлан танигдсан ургамлууд байжээ.
Бидэнд байгаа түүхийн эх сурвалжуудаас харахад хүнд таашаал өгдөг бодиснуудын хамгийн анхных нь архи, согтууруулах ундаа байсан байна.
Хар тамхи болон марихуаны талаарх мэдээлэл түүхийн энэ цаг үед холбогдох эх сурвалжуудад гардаг. МЭӨ 4000 оны үед доод мезопотамид суурьшин нутаглаж байсан сумерчууд марихуан болон хар тамхины ургамал тариалдаг байсан ба эдгээр ургамлуудыг эмчилгээнд ашигладаг байсан талаар түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгджээ.


МЭ-ний 8 дугаар зуунд араб худалдаачид хар тамхи , марихуаны өвсийг Иранаар дамжуулан Энэтхэгт хожим Хятад улсад хүргэж худалдаалснаар эдгээр улс орнуудад тархах болсон байна.

Монголын эзэн хаад хар тамхичидтай хийсэн тэмцэл
Ассассин гэдэг нь хашашин буюу мансуурагчид гэдэг утгатай Хашиш буюу гашиш гэдэг нь Энэтхэгээс гаралтай нэгэн зүйлийн олсны ургамлаас гаргаж авдаг мансууруулах бодис билээ.
Хасан ибн Сабах гэгч эр 1094 онд лалын шашны хамгийн хатуу чиглэлийн нэг исмайлитын урсгалыг үүсгэн байгуулж, нэр нөлөөгөө өргөсгөхийн тулд амиа золиослогч буюу ассассинуудыг бий болгожээ.
Энэ үеэс эхлэн Исмайлитын шашны тэргүүн, ассассинуудын захирагч нууц эздийг “Уулын овгөд” хэмээн европ дахинаа нэрлэж иржээ.
Исмайлитууд хөгжлийнхөө оргил үед 360 гаруй цайз бэхлэлтийг Каспийн тэнгисийн эрэг хөвөөний цавчим уулсын тагт, өрнөд персийн уулархаг район өнөөгийн Иран, Ирак, Сири, Ливаны нутгийг дамнуулан байгуулсан бөгөөд гол цайз нь эгц гүнзгий жалга, хавцлууд, мөсөн гол, цавчим өндөр даваануудаар хаагдсан Эльбрусийн уулсын тагт байцыг эзлэн байрлаж, лалын ертөнцийг тэр чигт нь аймшигт автуулах болжээ.
Хасан ибн Сабах өрнөд перс нутагт диваажин мэт цэцэрлэгийг цогцлоон байгуулж өөрийн талын идэр залуусыг гашишаар мансууруулж цэнгүүлэн жаргааж байгаад буцаан авчирч “…эзэн ноёныхоо төлөө тэмцэж амиа өгөгсөд тэрхүү диваажинд үнэнхүү жаргалыг насан үүрд эдэлдэг юм” хэмээн итгүүлдэг байв.

Энэ мөчөөс эхлэн залуу эр юунаас ч үл эмээх шийдсэн алуурчин болж худалдаачин, мөргөлч эсвэл гуйлгачин, хэрмэл ядуу ламын дүрд хувилж газрын хол, усны уртыг туулсаар эзэн захирагчийнхаа заасан хүн болгоныг тонилгох үүрэг хүлээсэн ассассин болох ба “Уулын өвгөд” тэдэнд итгэл үнэмшил бүрдүүлээд зогсохгүй, тухайн аллагад тохирох этгээдийг 50-200 нэр дэвшигчээс сонгон авч хурц зэвсгийн эрдэм, тэсвэр хатуужилд сурган, даалгавраа биелүүлэх арга зам, хувилбар мэхийг нарийвчлан зааж, хэрэгцээт мэдээллээр ханган илгээдэг байв. Тэд чичлүүр хутганаас өөр зэвсэггүй байх боловч хийх үйлдлээ нуухгүй, хүн амьтнаас зайлсхийдгүй байсан учир нь зорьсон хэргээ бүгээгээд өөрөө үхэх ёстойд оршиж байжээ.

Эдгээр амиа золиослогчид тулгуурлан уулын өвгөд өөрийн аймшигт засаг захиргааг байгуулж, тушаалыг зөрчин сөргөлдсөн хэн бүхэнд ялгаагүй үхэх ял оноож аглаг буйд байх цайзаасаа хэзээ ч үл гарч, зөвхөн хамгийн шадар хүмүүстээ л үзэгдэж лалын ертөнцийн бүхий л хөл хөдөлгөөн, үйл явдлыг чанд ажиглаж, дураар засаглах нууц сүлжээгээ Иран, Сири, Бага Азийг дамнан Мисир буюу Египет орныг хүртэл өргөтгөн улмаар Европын ихэс дээдэст хүртэл аймшигт урт гараа хүргэх болжээ. “Уулын өвгөд”- ийн илгээсэн ассассинуудын чичлүүр хутганд лалын ертөнцийн султан, халиф, шах нар төдийгүй загалмайтны Баварын херцог I Людвиг хаан , Иерусалимын захирагч Конрад Монферратский зэрэг цуутай язгууртнууд хүртэл өртөж үрэгджээ.
Ассассинууд ямар ч аюултай үйлээс шантарч буцах нь үгүй тул эрх мэдэлтэн, хүчирхэг эзэн хаан хэн бугай ч амь нас нь баталгаагүй байжээ.
Уулын өвгөдийн хүч чадлыг харуулсан ганц жишээг дурьдахад, Дундад Азийн худалдаачдын зүрхэнд шар ус хуруулсан цөлийн цуутай дээрэмчин Орбасийг Хорезм шахын цэргүүд баривчлан Самаркандын зээлд цаазлан хороох болоход “Уулын өвгөн” Шах руу заналхийлсэн захиа илгээн суллуулжээ.

Багдадын халиф төдийгүй лалын ертөнцийн олон хаад, ноёд монголчуудын хүчээр ассассинуудыг даран сөнөөлгөхийг хүсэж байсан тул Монголын их хаан Мөнх хааны дүү Хүлэг хаан Перс улсыг дайлаар мордон эзлэн авсаны дараа Монголын эзэнт гүрний цэргүүд исмайлитын хот суурин, цайз бэхлэлтүүдийг бүтэн гурван жилийн турш шат дараалан дайран эзэлсээр бүрэн нухчин даржээ. Монголчууд их хааны зарлиг ёсоор уулын өвгөнийг ямар ч үнээр хамаагүй амьдаар барих ёстой тул эхэндээ цайзыг дээрээс доош шалгаж нэгжсэн боловч олсонгүй, гэрчлэн заах этгээд ч таарсангүй. Гэвч нүсэр цайзийн доод давхаргаас сүүлд нь цэвэрхэн царай зүс, хувцас эдлэлтэй 100 орчим лалуудыг бөөнөөр олзолж хороохыг завдсан боловч тэдний дундаас нэгэн настайвтар хүн босч ирээд “Эднийг бүү хороогооч. Би “Уулын өвгөн” Хуршах байна. Эд нар цөмөөрөө миний хүүхдүүд юм.” гэж өгүүлжээ. Ийнхүү эцсийн бүлэгт тэрбээр өөрийгөө илчилжээ.
“Уулын өвгөн”~ийг амьдаар олзолж чадсан монголчууд эмс хүүхнүүдийг ялгаад бусдыг нь хүйс тэмтрэн устгаж, уулын тагт цайзуудыг цөмийг нураан газартай тэгшилжээ. Олзлогдсон Хуршахыг Хүлэгү хааны тушаалаар 1257 оны 3 дугаар сард Мөнх хаанд хүргэхээр Хархорум руу илгээсэн боловч замдаа амь үрэгдсэн байна. Их хаанд хүргэх хэн бүхэнд гар хүрэхгүй гэсэн Их засаг хуулийн заалтыг чанд мөрддөг байсан ч харгалзан хүргэж явсан монгол цэргийг “Уулын өвгөн” ховсдож эрхшээлдээ оруулахыг оролдсон нь амжилтгүй болж сэлмээр цавчуулж үхсэн гэх мэдээ түүхэн сурвалжид тусгагджээ.