Нэн эртний үеэс Хятад оронд хар тамхи, марихуан хэрэглэдэг байсан талаар түүхэн эх сурвалжуудад тусгагдсан байдаг. Хар тамхины донтолт, хэрэглээ ихэссэн 1729 онд Хятадын эзэн хаан Юань Шикай өөрийн хаан байх үедээ хар тамхи хэрэглэхийг хориглосон байдаг. Тэрээр хар тамхи зардаг газрууд, татуулдаг газруудыг бүгдийг нь хаасан байна. 1800 онд Хятад улсруу хар тамхи оруулахыг хориглосон бөгөөд маш сайн хянан шалгадаг болжээ. Гэсэн хэдий ч хулгайн замаар хар тамхи оруулсаар байлаа.
Ийнхүү хятад оронд хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэдэг болон түүнээс болж нас барагсдын тоо нэмэгдэж эхэлсэн байна.
Хар тамхины худалдааг хорьсоор байтал зарж байсан Англи худалдаачин үхсэнээр 1839 онд Хятад улсад хар тамхины дайн эхэлжээ.
Англичууд Шанхайд цэрэг довтолгож хотыг эзлэн авсаны дараа 1842 онд Нанкины хэлэлцээр хийгдсэн байна. 10000 англи цэрэг 350 сая хятадын эсрэг байлдаад ялалт байгуулсан байдаг.
Хар тамхины нэгдүгээр дайнд ялагдаж албан хүчээр эх орондоо хар тамхи зарах үүрэг хүлээсэн Чин гүрэн 1842 оны Нанжины гэрээнээс хойш 14 жилийн өнгөрлөө. Нэгдүгээр дайнд ялагдсан Хятад улсын аж амьдрал туйлдаа хүртэл доройтон хүн амын өсөлт бууран 350 гаруй сая болж тэдний 70 орчим сая нь хар тамхинд гүн донтох эмгэгтэй болсон байна. Хонг Конгийг Их Британид алдаж 5 усан боомтоо хүчээр Европын зах зээлд нээн худалдааны шударга бус дайны хохирогч болсон Манж Чин гүрэн цаашид оршин тогтнох эсэх нь туйлын эргэлзээтэй болж ирэв. 1850 оны эхээр гэхэд Хятад дахь барууны империализмын нөлөө эрс өсөж Их Британиас гадна Франц, АНУ-ын нөлөө ч багагүй хэмжээгээр орж тэд Хятадын хуулийг уландаа гишгэн дур зоргоороо аашлах явдал нь хэрээс хэтрэв. Тухайн үед Хятад хүн бол харуудын дараа орох доод төрөлтөн болон хувирах нь тэр. Түүнчлэн томоохон хотуудын сургуульд Хятад хэлийг боомилж хүчээр Англи хэл зааж гудамж талбайд Англи хэлээр хаягаа хадах болж барууны иргэд их хэмжээгээр мөнгө хүүлэх бизнес хийж эхлэв. Тэднээс мөнгө зээлсэн Хятадууд Англичуудын оруулж ирдэг хар тамхийг худалдан авч хариуд нь зээлээ төлж чадахгүйн улмаас гэр орон, газар нутаг, тариан талбайнуудаа бэлэглэж байлаа. 1856 оны 10-р сарын 8-ны өдөр Нанжин хотын боомтод байсан Их Британы хөлөг онгоцыг Хятадын тусгай албаны цэргүүд эзэлж багийн 12 гишүүнийг амьдаар нь олзолсон байна. Тухайн үйл явдлыг олзлуулсан хөлгийн ахмад Томас Кеннеди нүдээрээ харсан бөгөөд Нанжин дахь Их Британы элчин сайд асан Харри Парксд энэ тухай мэдэгдэхэд элчин сайд яаралтай арга хэмжээ аван Чин гүрний цэргийн ерөнхий жанжин Ей Минчинд багийн гишүүдийг яаралтай суллах шаардлага тавихад тэд зөвхөн 11 хүнийг суллаж үлдсэнийг нь барьцаанд хэвээр үлдээсэн байна.
Үүний үр дүнд бүс нутагт тогтворгүй байдал үүсч Хятадын Кантон, Хонг Конг зэрэг олон газарт зэвсэгт халдлага гарч улмаар Британичуудыг эсэргүүцэх бүх нийтийн хөдөлгөөн өрнөж эхлэв. Чин гүрний засгийн газар ч Британи хүн бүрийн толгойд мөнгөн шагнал амлаж байсан нь байдлыг улам хурцатгаж эхлэв.
Ийнхүү 1857 оны 4-р сар гэхэд Хятадын эсрэг эх газарт зөвхөн Франц, Английн цэргүүд байлдаж байхад тухайн үед ашиг сонирхлын зөрчлийн үүднээс АНУ болон Хаант Орос улсууд холбоотон болж дайнд нэгдсэн байдаг. Үүнээс улбаалан бүс нутагт хүчний тэнцвэр алдагдаж 4 жил үргэлжилсэн дайны эцэст 20 орчим мянган барууны цэрэг амиа алдсан бол Хятадын талаас Манж, Хан, Монгол үндэстнүүдээс бүрдсэн 200,000 орчим хүн алтан амиа алдсан юм. Дайны явцад олон удаагийн энхийн хэлэлцээр өрнүүлсэн боловч Орос болон АНУ-ын нөлөөнөөс болж энх тайван тогтож чадсангүй. Учир нь Хятад улс Оростой шууд хиллэдэг байсан тул Оросын эрх ашиг нэн тэргүүнд тавигдаж байлаа. Гэвч 1860 оны 10-р сарын 18-ны өдөр Хятадын нийслэл Бээжийн хотод Чин гүрний хан хүү Гонг энхийн хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж Хятадууд Их Британи болон Франц улсуудад 8 сая алтан зоосны өрөнд орж хар тамхины наймааг дахин эхлүүлж, Хятадуудыг бүх төрлийн шашин шүтэх эрхтэй болгон Их Британи, АНУ, Франц, Орос зэрэг улсуудын усан онгоцыг хэзээ ч хэн ч саатуулан шалгах ёсгүй болсон юм. Гутамшигтай ч гэсэн Хятадууд яалт ч үгүй 2 удаа барууны хүчнийг эсэргүүцэн дайн хийсэн ч хоёуланд нь ялагдсан аж. Уг явдлаас нэг их удалгүй 1881 он гэхэд хүн ам нь 369 сая болж хар тамхины нэгдүгээр дайны үеэс 40 гаруй саяаар буурч улмаар тухайн иргэдийн 120 сая гаруй нь буюу хүн амын 3/1 хувь нь хар тамхинд оржээ. дайнд ялсан орнууд буюу Франц , Америк нь Хятадад хар тамхи мансууруулах бодис чөлөөтэй нийлүүлэх, зарах, худалдаалах эрхтэй болсоноор Хятад улс хэдхэн жилийн дараа морфин, героин , кокайныг хэрэглээг хорьж дийлэхээ больсон байна. Ийнхүү Чин гүрний мөхлийн үйл явц эхэлсэн түүхтэй.

Богд хаант Монгол улс ба хар тамхитай тэмцэх ажиллагаа
8-р Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг / 1869-1924 / Монгол улсын шашин, төрийн тэргүүн байсан. 1911 оны 12 сарын 29 Монгол улс Манж гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласны дараа 8-р Богд Живзундамба Хутагтийг Монголын эзэн хаанаар өргөмжилжээ. Дээр нь зөвхөн Далай лам болон Бодисадва оршино. Тэрээр Монгол дахь Төвөдийн Буддын шашны шарын урсгалын тэргүүн юм. Түүний эхнэр Шаравын Дондогдулам нь Төвөдийн Буддын шашны шарын урсгалын сүсэгтнүүдийн хувьд эх дагины хойд дүр гэж тооцогддог байсан. Богд хаан 1912 онд “Дотор газраас Монгол нутагт хар тамхи авч ирэх, худалдах, татаж хэрэглэх, тарьж ургуулахыг хориглосон бичиг” гаргаж хууль бус ажиллагааг таслан зогсоох чиглэлээр янз бүрийн арга хэмжээ авч байсан тухай түүхэн мэдээ байдаг байна.

БНМАУ-ын үеийн хар тамхитай тэмцэх ажиллагаа
1921 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол “Ардын засгийн газар”-ыг байгуулж, 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус засгийн газрын 06 дугаар хурлаар улс орны аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд олон чухал үйл хэргийг хэлэлцсэний нэг нь “Цагдаагийн тухай” асуудал байсан ба тус хуралдааны шийдвэрээр цагдан сэргийлэхийг Цэргийн яамны харьяанд эмхлэн байгуулж, “Сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэн, цэргийн сургуульд сургаж боловсруулахаар тогтсоноор Орчин үеийн Монголын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан түүхтэй билээ.

1921 оны 08 дугаар сарын 21-нд Засгийн газрын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамнаас хар тамхи татахтай тэмцэх шийдвэр гарч энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд 1922 онд Дотоодын хамгаалах газраас гадаад иргэд Ёнзонхамба Лувсанхаймчигийн жасд түлээний аргал буулгах халхавчин дор хар тамхи хатаан хил нэвтрүүлж байсныг илрүүлж байжээ.

Ёнзон хамба Лувсанхаймчиг нь 1916 онд Монгол оронд 8-р богдын гурав дахь багш нэрээр ирж Ардын засаг төрийг устгах хорлон сүйтгэх ажиллагаа явуулах , эсэргүү бослого гаргах зэрэг далд хорон санаатай Японы тагнуул байсныг Дотоодыг хамгаалах газраас тогтоож хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.