“Би чамд хайртай” киноны Баяраагийн дүрээр та бидний танил болсон жүжигчин Н.Бадрал хүн хутгалж 3 жил 5 сарын ял авч байжээ. Тэрбээр ялаа эдэлж дууаад өдгөө эрх чөлөөтэй явж байгаа юм. Би чамд хайртай киноны Баяраа буюу Н.Бадралын хүн хутгалсан хэргийн тухай дэлгэрэнгүй хүргэж байна.

“Би чамд хайртай” киноны Баяраагийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Н.Бадрал нь Монгол улсын харъяат, 1965 онд Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа чөлөөт уран бүтээлч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт амьдардаг. Соёлын тэргүүний ажилтан цол авсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, хэрэг хариуцах чадвартай.

Тэрбээр 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүрэгт иргэн О.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар нь хутгалж биед нь бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн зүсэгдсэн шарх, шингэн хуралдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан байна.

Н.Бадрал мэдүүлэхдээ:..Би 2015 оны 01 дүгээр сарын 05-ны орой жолооны курсээ тараад гэртээ харих замдаа хоёр найзтайгаа таарсан юм. Тэгээд манай хоёр найз дэлгүүрээс 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авч хувааж ууя гэхээр нь би уугаагүй. Тэгээд манай хоёр найз уг архины надад ноогдох хувийг өгсөн. Тэгээд би өгсөн архийг нь цүнхэндээ хийгээд гэртээ аваад ороход эхнэр маань архи уулаа гэж уурласан. Тухайн үед би архи уугаагүй байсан. Тэр үед архи задалсан байсан учраас цүнхнээс үнэртсэн байж магадгүй. Тэгээд бид хоёр маргалдаж байх үед манай эхнэрийн гурван дүү гаднаас орж ирсэн. Тэгээд эгчийгээ аваад, мөн манай хүүхдийг аваад явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдээ өгч явуулахгүй гээд зууралдаж байтал Х намайг 2-3 удаа цохиж дээрээс дараад боосон. Тэр үед би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан, ингээд нэг сэрэхэд би гартаа хутга барьсан зогсож байсан, тэгэхэд Б миний гараас хутга салгаж авсан. Х газар хэвтчихсэн “та намайг хутгалчихлаа” гэдгийг сонссон. Тэгээд Б нь Х-г аваад эмнэлэгрүү явсан. Би юу болсон гэдгийг сайн ухаараагүй байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд намайг Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байранд аваачсан. Тэгэхэд эрүүлжлүүлэх байрны жижүүрүүд “та согтуу биш байж яагаад энд ороод ирсэн юм бэ гэхээр нь би мэдэхгүй, түр саатуулж байгаа байхаа” гэсэн хариулт өгсөн, би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, дүүгээ хутгалсандаа их гэмшиж байна гэв.

Тэгвэл жүжигчинд хутгалуулсан Х болсон хэрэг явдлын талаар: … …2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хамаатнууд болох Б болон түүний эхнэр М нарын хамт Вьетнам засварт өгсөн байсан машиныг нь аваад үеэл эгч О-йн гэрт нь мах авах гээд ортол манай үеэл эгч О нь уйлчихсан, түүний нөхөр Бадрал нь согтуу, архи үнэртүүлчихсэн, “пизда минь би архи уугаагүй” гээд орилж байсан бид нар ороод үүдэн дээр зогсож байтал Бадрал нь орилж чарлаад, О-ийг хэл амаар доромжлоод байсан. Б нь ороод Бадрал ахад хандан “манай эгчийг ингэж хэлж байгаа бол би эгчийгээ доромжлуулж чадахгүй, эгчийгээ аваад явлаа” гэж хэлтэл Бадрал нь “наад гуйлгачингаа аваад яв, та нар муу гуйлгачингууд” гээд дайраад доромжлоод салаавч гаргаад, ам руу нь чихээд дээрлэхээд байсан. О эгч хувцсаа өмсөөд байж байтал Бадрал нь Б руу дайраад ам руу салаавч гаргаад доромжлоод байхаар нь бид нар салгаад холдуулсан ба Б-ыг гэрээс нь гаргасан. Бадрал гал тогооны өрөө рүүгээ яваад орсон. Тэр үед би Б-ны эхнэр М-т хүүхдийг нь аваад гарч бай гэж хэлсэн ингээд М нь хүүхдийн аваад гарах гэж байтал Бадрал ах гал тогооны өрөөнөөс гарч ирэн хүүхдээ зулгаагаад татаад тавихгүй байсан. Би Бадрал ахад хандан “хүүхдээ аллаа шүү дээ, тавьчих ” гээд гуйтал Бадрал ах хүүхдээ тавихгүй татаад зулгаагаад байсан, тэдний хүүхэд болох 1 настай жоохон хүүхэд ээрч уйлаад чарлаад байсан тэгэхээр нь би хүүхдийг нь тавиулах зорилгоор түүний нүүрэн тус газарт нь баруун гараараа хоёр удаа цохьсон, тэгтэл Бадрал ах хүүхдээ тавьсан. Хүүхдээ тавиад л гэнэт намайг хутгалсан. Тэгээд би газарт шууд унасан. Тэнд байсан хүмүүс бүгд “хүн алчихлаа шүү дээ” гээд орилолдоод байсан. Тэгэхэд Б Бадралын хутгыг нь авах гэтэл Бадрал ах хутгаа тавихгүй улайраад байсан. Б түүнтэй ноцолдож байж арай гэж хутгыг нь авсан. Бүүр хутганы ирнээс нь барьж авч байгаад хутгыг нь булааж авсан. Миний хэвлийнээс цус олгойдоод гараад байхаар нь би гараараа шархаа дараад шууд гэрээс нь гарсан. Миний араас Б гарч ирээд бид хоёр цэргийн госпиталь эмнэлэгт очиж яаралтай хагалгаанд орсон. Бадрал ах 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр миний гэдэс рүү хутгалж гэмтэл учруулсан. Миний хутгалуулсан шархыг тойроод хөхөрсөн байсан.Эмч нар хэлэхдээ хүчтэй дүрсэн байна гэж байсан. Намайг бараг алах зорилготой хутгалсан байх жаахан туранхай байсан бол нэвт гараад шууд үхэх байсан. Би Бадралыг нялх хүүхдээ зулгаагаад тавихгүй, нурууг нь гэмтээх гээд бараг алчих гээд хүүхэд нь улайгаад ээрч уйлаад хөхөрсөн байхаар нь аргагүй эрхэнд тавиулах санаатай 2 удаа цохисон. Би эрүүл байсан, Бадрал ах согтуу байсан. Би гомдолтой байна. 1 жил хөдөлмөр эрхэлж чадахгүй, хүссэн хоолоо идэж чадахгүй, хэзээ ч задарч магадгүй байдалтай их эрсдэлтэй байна. Их аюултай гэмтсэн учир гомдолтой байна гэж мэдүүлжээ.

Тэгвэл энэ хэргийн талаар Н.Бадралын гэргий О: … 2015 оны 01 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн үед би гэртээ 1 нас 3 сартай охинтойгоо хамт байж байхад манай нөхөр Бадрал жолооны курсээсээ орж ирэхдээ жаахан архи уучихсан байсан би түүнд хандан “хүн өвчтэй байхад чи архи уучихсан байна” гээд түүнтэй маргалдаад байж байтал гаднаас манай дүү нар болох Б, Х, М нар ороод ирсэн. Тэр гурав манай болкон дээр тавьсан махаа авах гэж ирсэн юм. Бадрал бид хоёрыг маргалдаад байж байтал манай дүү Б “Бадрал ахаа та арай дэндэж байна, би эгчийгээ аваад явлаа” гэж хэлсэн. Би хүүхдээ хувцаслаад М-т бариулаад би өөрөө хувцсаа өмсөж байтал манай нөхөр Бадрал М луу очоод хүүхдээ булаацалдаад, уйлуулаад байсан ба манай дүү Х түүний гарыг тавиулах гээд тавихгүй болохоор нь Бадралын нүүрлүү цохьсон. Нэг мэдэхэд Х “намайг хутгалчихлаа” гээд газарт уначихсан. Б Бадралыг “та яаж байгаа юм бэ, хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд хойноос нь татаад гарт нь байсан хутгыг нь гараас нь аваад түлхэж унгасан. Б Х-ыг аваад эмнэлэгрүү явсан гэх мэдүүлжээ.

Хутгалуулж гэмтсэн Х-г үзсэн ШШҮХ-ийн шинжээч эмч Б.Долгормаа

– Х-ийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн зүсэгдсэн шарх, шингэн хуралдалт /800 мл цус/ гэмтэл тогтоогдлоо.

– Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

– Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

– Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гаргасан юм.

Жүжигчин Н.Бадралыг үзсэн ШШҮХ-ийн эмч Т.Номинцэцэг

– Бадралын биед 2 нүдний зовхинд цус хуралттай, баруун доод зовхи, дух, зүүн дал, нуруу хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

– Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

– Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан.

Шүүхээс жүжигчин Н.Бадралыг зодсон Х нь хуульд заасан ялгүйд тооцох 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх тул Х-г давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас шүүгдэгч Н.Бадралд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Бадралыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, Х-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Улмаар бие биедээ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож шүүгдэгч Н.Бадралд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж эдлэх ялын мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Х-г нийгмээс тусгаарлахгүйгээр хуулинд заасан албадан ажил хийлгэх ялыг оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл жүжигчин Н.Бадралыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, Х-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бадралд 3 /гурав/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар, Х-д мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

Зодсон болон хутгалсан гэх талууд аль аль нь шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй. Тиймээс жүжигчин Н.Бадрал 1 гаруй хугацаанд ял эдэлж байгаад суллагдсан юм.