Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Муратад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Тодруулбал Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Мурат болон  М.Елузаг нарын хэрэг өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн. Тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах хэргээр яллах дүгнэлт үйлдсэн. Хэрвээ тэднийг шүүх гэм буруутай гэж үзэх юм бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн. Хэрвээ шүүх түүнийг гэм буруутай гэж үзэх юм бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм. Хэрвээ гэм буруугүй гэж үзэх юм бол ял шийтгэл авахгүй.

Хэргүүд шүүхэд ирсэн болохоор 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэг товлох юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.