Эрт үеээс эдүгээ үеийг хүртэл монголчууд бидэнд уламжлан ирсэн соёлын томоохон өв бол бөх, хурдан морь, сур харваа хэмээсэн бүрэлдэхүүнтэй“Эрийн гурван наадам” билээ. 1921 оны Ардын хувьсгалаас өмнө монголчууд зуны дэлгэр цагт уул овоо тайж тахих, Жибзундамба хутагт бат оршил өргөх, даншог зэрэгт эрийн гурван наадмыг зохион байгуулж, түүнд оролцсон түрүүлсэн бөх, харваач, хурдан морины эздэд цол гуншин олгодог өгч байсан тухай архивын баримт мэдээнүүд Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын сан хөмрөгт нилээд байдаг.

1921 онд манай улсын түүхэнд нэгэн томоохон хуудас нээгдсэн юм. Энэ нь гадаад харгис түрэмгийлэгчдийн тэмцсэн Ардын хувьсгал юм. Ардын хувьсгалын түүхийн талаар манай эрдэмтэд сайтар судалсныг бид мэднэ. Чухам энэхүү түүхэн үйл явдлын нэгэн жилийн дараагаар өнөөгийн бидний тэмдэглэн, цэнгэлдэн баярлацгаадаг Улсын баяр наадам эхлэсэн түүхтэй юм.

Улсын баяр наадмын талаар Х.Нямбуу, М.Цэцэглэн, С.Ичинноров, С.Идшинноров, Г.Дашням нарын эрдэмтэд томоохон бүтээл, тойм нийтлэл зэргийг хэвлүүлж байсан байна. Мөн өнөө үед залуу эрдэмтэн Х.Мөнхбаяр баяр наадмын талаар нарийвчилсан судалгааны ажил хийж байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Залуу эрдэмтэн Х.Мөнхбаярын нийтлүүлсэн нэгэн судалгааны өгүүлэлдээ “…шинэ үеийн Монгол улсын төрийн наадмын хөгжилт улс төрийн түүхтэй нэн уялдаатай байх бөгөөд үүнийг доорх хэдэн хэсэгт зааглан үечилж болох юм. Үүнд:

1. 20 дугаар зууны эхэн үеийн Монгол улсын наадам (1911-1921)

2. Ардын засгийн эхэн үеийн наадам (1911-1921)

3. Хэт хувьсгалжсан наадам (1929-1930)

4. Хувьсгалт баяр, наадам (1931-1954)

5. Хувьсгалт баяр наадам (1955-1990)

6. Үндэсний шинжтэй баяр наадам (1990-2010)…” хэмээсэн байна.

Эрдэмтэн Х.Мөнхбаярын дэвшүүлсэн санаа үнэний ортой. Манай улсад өрнөсөн түүхэн үйл явдлын нөлөөнөөс хамаарч баяр наадмыг тэмдэглэх агуулга ч өөрчлөгддөг. Үүнийг илтгэсэн баримт гэрэл зургууд Кино, гэрэл зураг, дуу авианы архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.