Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож, прокурорын яллах дүгнэлттэйгээр шүүхэд хэрэг нь шилжээд байгаа.

Тэд 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь  мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Үүнээс гадна бэлнээр авсан мөнгө хэд байгаа гэдэг нь тодорхойгүй байгаа юм.  Тодруулбал, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч хэрэг шүүхэд шилжээд байгаа.

Н.Баярсайхан нарын хахуулийн хэрэгт 25 хүнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тодруулбал, Г.Элдэв-Очих, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Оно, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нарт Эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн гэм буруугийн шүүх хурал болно.

Э.Аззаяа нь МХЕГ-т 2014 онд хэлтсийн даргаар ажилд орж, улмаар 2016 оны есдүгээр сараас Хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар томилогдсон байна. Үүнтэй бараг зэрэг шахам өмнө нь “Хай фай рекордс” хөгжмийн дэлгүүрийн эзнээр ажиллаж байсан Н.Баяртсайхан нь МХЕГ-ын Хорио, цээрийн хэлтсийн даргаар томилогдсон байна.

МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар  өөрсдийн удирдлага доорх байцаагч нартайгаа бүлэглэн дээрхи хэргийг үйлддэг байсан гэдгийг эх сурвалж хэлж байна.

Тэдэнд эрүүгийн хуулийн   22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн уг заалтуудад,

22.4 дүгээр зүйл.Хахууль авах

1.Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

5.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа.

Шүүхээс энэ хэргийг хэрхэн шийдэх талаар бид эргэн мэдээлэх болно.