Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо.

Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 37 сургууль, 118 цэцэрлэгт 4,200 гаруй багш, ажиллагсад ажилладаг. Өнөөдөр ажил үйлсээрээ бусдад үлгэр дууриалал болсон 39 багш, сурган хүмүүжүүлэгч гэрлэлтээ батлуулсан ч хуримаа ёсолж амжаагүй боловсролын тэргүүн шугамд явдаг сурган хүмүүжүүлэгч нар юм. Энэ ч утгаараа багш, ажилчдадаа ажиллах эрч хүч, урам зориг өгөх зорилгоор тус үйл ажиллагааг анхлан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хан-Уул дүүргийн боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийн халуун мэндийг дэвшүүлье. Сайн эцэг, эх байх үүрэг хариуцлагаа ухамсарласан, хамт олондоо хүндлэгдсэн сурган хүмүүжүүлэгч нарын төлөөлөл өнөөдөр албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулж байна. Та бүхний аз жаргалтай, дурсамжтай нэгэн мөчийг хамт тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа туйлын их баяртай байна.

Ажил мэргэжил, амьдралын шаардлагаас болоод гэрлэлтээ албан ёсоор ёсолж амжаагүй байсан дүүргийн үлгэр жишээ сурган хүмүүжүүлэгч та бүхний цаашдын ажил, амьдрал үргэлж өөдрөг өнөөдрийнх шиг аз жаргалаар дүүрэн байх болтугай. Мөн гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулан хамтран ажилласан Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал дэвшүүлье” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс