Үндэсний аудитын газраас Монгол Улсын Хөгжлийн банкны /цаашид МУХБ гэх/ үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд аудит хийж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах зорилгоор аудитын шалгалт хийсэн байна. Аудитад МУХБ-ны 2012-2017 оны үйл ажиллагаа, төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шууд олгосон зээл, Засгийн газрын холбогдох тогтоолуудын дагуу арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийг түүврийн аргаар хамруулж, УИХ-ын 2016 оны 81 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 42, 219 дүгээр тогтоолуудын хүрээнд МУХБ-аас Сангийн яаманд шилжүүлсэн “улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон зээл”-ийн багцын хувьд төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үйл ажиллагаа нь жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитаар шалгагдсан тул хязгаарлаж, хэрэгжилт хангалтгүй төслүүдийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох чиглэлээр ажиллажээ.  Аудитын тайланд хэд хэдэн анхаарал татахуйц асуудал тусгагдсан бөгөөд тэдгээрээс цувралаар хүргэж байна.

Хөгжлийн банк арвилан хэмнэлттэй ажиллах зарчмыг хангаагүй, үр ашиггүй зарцуулалт хийж иржээ

МУХБ-ны ТУЗ нь банкны үйл ажиллагаа, үндсэн хөрөнгө бэлтгэх зардлаас гадна бонд гаргах эх үүсвэрийн зардал, гүйцэтгэх удирдлагын гадаад албан томилолт зэрэг арга хэмжээний зардлыг тухай бүрд нь баталж ирсэн бөгөөд 2012-2017 оны зардлын гүйцэтгэл дараах байдалтай байна. Үүнд:

  • Удирдлагын болон үйл ажиллагааны зардлын дүнд ажиллагсадтай холбоотой зардал 46.7-63.6 хувь, хууль зүй, санхүүгийн мэргэжлийн үйлчилгээний зардал 6.1-33.0 хувь, олон нийтэд мэдээлэл хүргэх зардал 0.5-18.7 хувь, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал 3.2-11.0 хувь, бусад зардал 14.8-21.3 хувийг тус тус эзэлж байна.

  • Боловсон хүчинтэй холбоотой зардал 2016 оноос бусад онуудад өмнөх оноос 18-178.6 хувиар тус тус өсөхөд орон тоо 6.4-91.6 хувиар нэмэгдсэн, ТУЗ-ийн 2013 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажилтны ур чадвар, ажлын гүйцэтгэлийг дүгнэж, урамшуулал олгох журам”-ын дагуу 488.5-1,161.3 сая төгрөгийн нэмэгдэл цалин олгосон нь голлон нөлөөлсөн байх тул орон тоо, ажлын гүйцэтгэлийг үнэлж, дүгнэх журмыг хянан үзэж, арвилан хэмнэлттэй байх зарчмыг баримталж ажиллах шаардлагатай байна.
  • Гадаад албан томилолтын зардлыг МУХБ-ны Гүйцэтгэх захирлын 2013 оны А-127 дугаар тушаалаар батлагдсан “Албан томилолтын журам”-д заасан зочид буудал, зам хоногийн зардлын хэмжээг баримтлаагүй, арвилан хэмнэлтгүй зарцуулж байжээ. Тухайлбал,
    •  ТУЗ-ийн 2013 оны 68 дугаар тогтоолын дагуу Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын БНХАУ-д хийсэн албан томилолтын зочид буудлын төлбөрт 7.0 сая төгрөг, нислэгийн тийз болон бусад зардал нийт 2.6 сая төгрөг;
    •  ТУЗ-ийн 2014 оны 30 дугаар тогтоолын дагуу Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын ОХУ-ын СанктПетербург хотод хийсэн албан томилолтын 3 хоногийн зочид буудлын төлбөрт 12.2 сая төгрөг, нислэгийн тийз болон бусад зардал зэрэгт нийт 8.2 сая төгрөг зарцуулсан байна.
  • Банкны үйл ажиллагаа, санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор телевиз, сонин хэвлэл, мэдээллийн сайт, олон нийтийн сүлжээний идэвхжүүлэлтэд 2013 онд 793.1 сая төгрөг, 2014 онд 1,249.0 сая төгрөг, 2015 онд 720.6 сая төгрөг, 2016 онд 1,250.9 сая төгрөгийг тус тус зарцуулсан байх бөгөөд тухайн үед банкны үйл ажиллагааг идэвхтэй сурталчлах зайлшгүй хэрэгцээ шаардлага байсан гэж үзэх боломжгүй байна.
  • МУХБ нь Засгийн газар, Сангийн яамнаас өгсөн зарим үүрэг, чиглэлийн дагуу банкны үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй, ач холбогдол багатай арга хэмжээнд 873.9 сая төгрөг зарцуулсан нь үр ашиггүй зарцуулалт болсон төдийгүй, МУХБ-ны тухай хуульд заасан “хараат бус байх” зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүйг харуулж байна. Тухайлбал,
    • • Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаар тэмдэглэлээр ЗГҮЦ-ыг арилжаалан бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм эдийн засгийн үр өгөөжийг олон нийтэд мэдээлэх, танилцуулах зорилгоор “Чингис бонд үндэсний үйлдвэрлэл үзэсгэлэн, худалдаа” арга хэмжээг нийслэлд 2016 оны II улиралд зохион байгуулахыг МУХБ-нд даалгасны дагуу үзэсгэлэн, сэтгүүл, заалны түрээс, пи-ар, видео шторк зэрэгт 519.7 сая төгрөгийг зарцуулсан;
    • • Сангийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 8-1/2656 дугаар албан бичгээр “МУХБ-ны 2012- 2016 оны үйл ажиллагаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэж, тусгай дүгнэлт гаргуулан үр дүнг Засгийн газарт танилцуулах” чиглэлийн дагуу худалдан авах ажиллагааны журмын 6.1.620, МУХБ-ны Дотоод аудитын дэд хорооны санал, МУХБ-ны ХШТГ-ын танилцуулгыг үндэслэн МУХБ-ны ТУЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор шууд гэрээний аргаар “Делоитт Онч аудит” ХХК-тай нийт 354.2 сая төгрөгийн үнэ бүхий “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулан тайланг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авчээ.
  • МУХБ-нд 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 10 автомашин ашиглагдаж байгаагаас 8 нь газрын захирлуудын хэрэгцээнд хот дотор ашиглаж буй шатахуун зарцуулалт өндөртэй Nissan Navara, Toyota LC Prado 150, LC 200 маркийн том оврын жийп бөгөөд 2016-2017 оны томилолтын баримтаас үзэхэд жилд 5 буюу түүнээс дээш удаа орон нутагт томилолтоор явсан 4 автомашин байгаа нь том оврын жийп машины хэрэгцээ шаардлага бага байгааг харуулж байна.
  • МУХБ-ны Гүйцэтгэх удирдлага 2015-2017 онд 5 ажилтныг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсний улмаас шүүхийн шийдвэрийн дагуу буцаан томилогдсон тэдгээр ажилтанд ажиллаагүй хугацааны цалин, НДШ, тэмдэгтийн хураамж зэрэгт нийт 89.5 сая төгрөгийг зарцуулж, үргүй зардал гаргажээ.  Энэ зардлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгуулах, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж байх, үндэслэлгүй шийдвэр гаргаж байгууллагад хохирол учруулсан албан тушаалтанд хариуцлага тооцдог тогтолцоог дүрэм, журамдаа Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн нарийвчлан тусгаж мөрдүүлэх нь зүйтэй байна гэж аудитын тайланд тусгажээ.

Бид маргааш Хөгжлийн банк нь 2012-2016 онуудад тооцоо судалгаагүйгээр эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлснээс их хэмжээний алдагдал хүлээсэн тухай хүргэх болно.