Стресс гэж юу болох, түүний хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэтгэл судлаач Б.Золзаяатай ярилцлаа.

ӨӨРИЙГӨӨ ҮНЭ ЦЭНЭГҮЙ ГЭЖ МЭДРЭХ НЬ ХҮНИЙГ ХАМГИЙН ИХ СТРЕССДҮҮЛДЭГ

-Сүүлийн үед судлаачид нийгмийн бухимдлаас болж стресс газар авлаа гэж ярих болж. Чухамдаа стресс гэж юуг хэлээд байна вэ гэх тодотголоос яриагаа эхэлье?

-Стресс гэдэг нь сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байдлаа алдах буюу баланс алдагдахыг хэлнэ. Нөгөө талдаа гадаад ертөнцийн бодит юмст хүн эерэг болон сөргөөр хандаж байгаа хүртэхүйн тухай асуудал. Тэгэхээр мэдрэмжийн тухай асуудал гэсэн үг. Стресс нь ихэнхдээ уур бухимдал, асуудалд хэт шүүмжлэлтэйгээр хандах, сөрөг байр суурьтай байх, нийгмийн сайн сайхан зүйлийг олж харахаа болих зэргээр илэрдэг. Хүмүүс стрессийг хор хөнөөл багатай байдаг л зүйл мэт буруу ойлгодог.

Эхлээд бид яагаад стрессдээд байгаа вэ, ямар зүйлд сэтгэл санаа зовж байгаа вэ гэдгээ олох ёстой. Тэр стрессээ тайлж, олж чадахгүй байгаа учраас стресс нь улам хүндэрдэг. Стрессийг үүсгээд байгаа хүчин зүйлийг олох юм бол аливаа зүйлд уурлаж бухимдах мөн сэтгэлийн хөдөлгөөнөө буруу биш зөв илэрхийлж сурдаг.

Монголчуудын өвчлөлийн 95 хувь нь стрессээс үүдэлтэй байна. Монголчууд олон төрлийн хавдрын өвчлөл болон таргалалтаар дэлхийд толгой цохиж байна. Энэ бол стрессийн үр дагавар мөн. Нийгэм бүхэлдээ дарамт, хүчирхийлэл рүү шилжиж байгаа нь хүмүүсийг стресстэй байгааг харуулж байгаа юм. Ер нь амьдралынхаа утга учрыг хүн бүр олох хэрэгтэй. Өөрийгөө олсон хүн стресст зөв хариу үйлдэл үзүүлж чадна.

-Хот­­жилтийн сөрөг үр дагавар нь хүмүүст стрессээр илрээд байх шиг?

-Хотжилт нь өөрөө стрессийн нэг шалтгаан. Автомашины түгж­рээ, дуу чимээ, гадаад орчны бохирдол, утаа, аж­лын давчуу орчин, хүмүү­сийн таагүй харилцаа гэх мэт алхам тутамд стресс үүсгэх хүчин зүйлс нь хотжилтын дүнд бий болдог. Хотжилтын элдэв сөрөг нө­лөөлөлд амьдардаг хүнийг хөдөө хээр талын аниргүйд мал маллах малчинтай харьцуулашгүй.

–Мэдээж стресс үүсэх олон шалтгаан бий. Үүнээс бидэнд тохиолддог дийлэнх шалтгаан нь юу байна вэ?

-Бусад хүмүүс өөрийг нь ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх, өөрийгөө үнэ цэнэтэйгээр мэдрэхгүй байх мэдрэмж нь хүнийг хамгийн их стресст оруулдаг. Ихэнх хүн “Фитнесст явж турна”, “Англи хэл сурна” гэж боддог мөртлөө харин үйлдэл нь зөрдөг. Энэ нь стрессийн нэгээхэн хэсэг юм. Өөрөөр хэлбэл, дотроо л бодоод яваад байдаг. Би турмаар байна гэчихээд ямар нэгэн үйлдэл хийхгүй байх нь хувь хүн, өөрийгөө үнэлж байгаа үнэлэмжтэй шууд холбоотой. Бид ихэвчлэн стресс сөрөг зүйлүүдээр үүсгэгддэг гэж боддог. Гэвч өөртөө хэт өндөр шаардлага тавьснаар өөрийгөө дарамтад оруулж мэднэ. Мэдээж бүгд биш боловч зарим стресс дандаа гадны хүчин зүйлээс хамааралтай байдаггүй. Жишээ нь, ямар нэг зүйлийн тухай шалтгаангүйгээр хэт санаа зовох эсвэл амьдралын тухай гутранги бодолтой байх нь стрессийг өөрөө өөртөө бий болгож байгаа юм.

Хүний бие махбод, оюун ухаан нь бухимдуулаад байгаа тэр зүйл их том бэрхшээлтэй зүйл байна уу, бага зэргийн жижиг асуудал байна уу гэдгийг харамсалтай нь ялгаж чаддаггүй гэдгийг дээр дурдсан. Тэгэхээр бухимдаж, цухалдаж, зовинуулаад байгаа тэр асуудал бүхэн том жижгээсээ хамааралгүйгээр байнга давтамжтай давтагдаад байвал стресс үүсгэх хүчин зүйл болоод байна л гэсэн үг юм. Тухайн хүний тойрон хүрээлж байгаа харилцаа нь эерэг байх тусам сэтгэлзүйн дархлаа нь бат бөх байдаг.

-Хүн стрессдэхээрээ архи уух хандлага ажиглагддаг, архи үнэхээр стресс тайлдаг уу?

-Хамгийн буруу зүйл. Архи хэзээ ч стресс тайлахгүй. Архи ууснаар төв мэдрэлийн системийг хүчээр дарамталж, хэсэг хугацаанд сааталд оруулж байгаа хэрэг юм. Харин дараа нь эргээд л стресс сэргэж ирдэг. Хүмүүс уурлаж бухимдах үедээ тамхи татахыг чухалчилдаг нь мөн л архитай адил түр зуурын саатал үүсгэж байгаа юм. Стрессийг архи уухаас бусад аргаар тайлж байх хэрэгтэй. Стрессээс гарч чадалгүй удаан хугацаагаар явснаас элдэв өвчин үүсэх нөхцөл шалтгаан болдог.

-Тэгвэл ямар аргаар стрессийг тайлах вэ?

-Стрессийг бууруулдаг түгээмэл гурван төрлийн арга байдаг. Нэгдүгээрт, өөрийнхөө сэтгэл санааг бухимдуулж байгаа зүйлийг бусадтай хуваалцах. Хоёрдугаарт, спорт, идэвхтэй дасгал хөдөлгөөн. Гуравдугаарт, дуртай зүйлээ хийх буюу өөрийн хийж байгаа зүйлээс сэтгэл ханамж авах замаар стрессийг бууруулж болдог. Хэн хамгийн их стресст өртөж байна вэ гэхээр дасгал хөдөлгөөн хийдэггүй, бусадтай санаа бодлоо хуваалцдаггүй, дуртай зүйлээ мартсан буюу өөрийгөө мартсан хүмүүс стресст өртдөг. Бид “Завгүй” гэсэн шалтгаан хэлж явсаар стресст “идүүлж” байна.

АЖЛЫН БАЙРНЫ СТРЕСС ХАМТ ОЛНЫ ТААГҮЙ УУР АМЬСГАЛААС ҮҮСДЭГ

-Нэгэнт стрессийн талаар ярьсан болохоор ажлын байрны стрессийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Ихэнх хүн ажлын байран дээрээ ямар нэг тохиолдлоор дарамт шахалтыг мэдэрдэг. Ажлын байранд стресс үүсгэх шалтгаан нөхцөл нь юу вэ?

–Ажлын байранд удирдлагын соёл, хамт олны уур амьсгал, ажлын орчин нөхцөл, цалин хангамж гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцад ажиллах нөхцөл, ажлын ачаалал, хамт олны уур амьсгал, харилцаанаас тэдний сэтгэл санаа, бие организмд үүссэн дарамт, түүнийг даван туулах, дасан зохицох гэсэн хүч энерги бүхий хариу үйлдлийг ажлын байрны стресс гэж үзнэ. Хамгийн чухал нь тухайн байгууллага нь ажилтнаа хэрхэн үнэлж дүгнэдэг болон удирдлага ажилчдын хоорондын харилцаа их чухал. Ажлын байрны стресс хамт олны таагүй уур амьсгалаас үүсдэг. Ажлаас гарч байгаа хүмүүсийн шалтгааныг цалин хангамж бус хамт олны уур амьсгал эзэлдэг. Сөрөг хамт олон дунд хүн удаан тэсэхэд хэцүү. Харин ажлын байрны стрессийн түгээмэл шалтгаануудаас дурдвал ажлын хэт ачаалал, ажлын уйтгартай хэв маяг, ажлын байран дахь харилцааны зөрчил гэх мэт.

–Хамт олны уур амьсгал чухал гэлээ. Тэгвэл олон эмэгтэй ажилтантай байгууллага дунд хов жив тасардаггүй сөрөг тал бий. Үүнийг хэрхэн даван туулах вэ?

–Үгүйсгэл, шүүмжлэл, хов жив, шударга бус өрсөлдөөн, хардалт . Энэ бол ажилтан хоорондын зөрчлийн илрэл юм. Эдгээр хүчин зүйлс нь ажилтны сэтгэл санааны тогтвортой байдлыг алдагдуулдаг. Мэдээж олон эмэгтэй ажилтантай газар хов жив гардаг. Муу цуу яриа, хов жив хурдан тархдаг.

Өөрийгөө бодитоор үнэлж чаддаг хүн хов жив ярьдаггүй. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө асуудлыг шийдэж чаддаг эмэгтэй бусдын асуудал руу ордоггүй гэсэн үг. Харин эсрэгээрээ хувийн асуудлаа шийдэж чаддаггүй хүн бусдыг стрессдүүлдэг.

Өөрийгөө бодитоор харж үнэлж чадахгүй хүн хэн нэгнийг бодитоор үнэлж чадахгүй. Хэн нэгнийг бодитоор үнэлэхгүй байна гэдэг нь хэрүүл маргааны үндэс болдог. Худлаа зүйлд өгөх хариу үйлдэл нь уур бухимдал байдаг.

–Байнгын стресстэй байх нь депресс үүсгэдэг гэж сонссон. Стресс хүндэрснээр депресс үүсдэг. Тэгвэл стрессээс депресс хүртэлх үе шат байх уу?

–Стрессийн гурван үе шат байдаг. Нэгдүгээрт, стресст маш хүчтэй хариу үйлдэл үзүүлнэ. Энэ нь уур бухимдалтай, тайван байж чадахаа болино, түгшүүртэй байдалд байна гэхчлэн. Хоёрдугаарт, дасан зохицох, сүүлийнх нь хэвийн мэтээр хүлээж авдаг болно. Биед илрэх шинж тэмдэг нь нойрны асуудал үүснэ. Шөнө амарч чадахаа больж, өглөө эрт сэрдэг болно. Энэ байдал нэг сар хүртэлх хугацаанд үргэлжилбэл сэтгэцийн эмчид заавал хандах хэрэгтэй. Ингэж хүндрэхээс нь өмнө сэтгэл зүйчид хандаж болно. Хүмүүс юу юугүй нойрны эм хэрэглэдэг нь буруу. Үүнээс гадна цусны даралт ихсэх, чихрийн шижин, дархлааны өвчнүүд, ходоодны шарх, зарим төрлийн хавдар өвчнүүд стрессээс үүдэлтэй. Стресс хүндэрснээс сэтгэл гутрал буюу депрессийг бий болгодог. Депрессийн үед зайлшгүй сэтгэл зүйн эмчилгээ шаардлагатай болж байна гэсэн үг. Сэтгэцийн эмч сэтгэл засалчид хандах ёстой. Энгийн аргуудаар эмчлэгдэхгүй. Эмэн эмчилгээ шаардагдах эсвэл давхар заслаар эмчилдэг.

-Ярилцлагынхаа төгсгөлд стрессээс өөрийгөө хэр­хэн хамгаалах талаар уншигчдад зөвлөгөө өгөөч?

-Өөртөө тавих анхаарлаа нэмэг­дүүлэх хэрэгтэй. Аливаа бухимдал үүсгэсэн орчноос зайлсхийх, ажлаа зөв зохицуулах, хүнд үгүй гэж хэлж сурах нь чухал. Мөн тулгамдсан асуудлаа ярьж зөвлөгөө авдаг найз нөхөд байх шаардлагатай. Сонирхолтой клубт нэгдэх, дуу хөгжим сонсох, спортоор хичээллэх, бүжиглэх зэргээр хөдөлгөөнөө нэмэгдүүлэх ёстой.

Биеийн хөдөлгөөн бол стрессээс ангижруулдаг гол эм. Тийм учраас хөдөлгөөний дасгалуудыг зайлшгүй хийж байх нь чухал. Хүмүүстэй эелдэг харилцаж инээмсэглэснээр, тайван амгалан орчныг бүрдүүлнэ. Өөрөө байнга стресст ороод байвал, таны хажуу дахь хүн стресст өртөхгүй байх боломжгүй.

Стрессийг удаан хугацаа­гаар өөртөө агуулахгүйгээр биеэсээ зайлуулж байх нь их чухал. Ингэхгүй бол хүндээр өвдөх болон ажлын байрны бүтээмж мууддаг. Эцсийн бүлэгт хувь хүн өөрөө өөрийгөө стрессээс хамгаалж, ажлын цагийг зөв зохицуулах, амралтын өдрүүдээр давхар ажил хийхгүй байх, тогтмол цагаар зөв зохистой хооллох, дуртай зүйлээ хийх, хорт зуршлаас сэргийлэх, ямар нэгэн зөрчилдөөнөөс болон сөрөг мэдээллээс зайлсхийх шаардлагатай.