Хайртай бүхнээ дэргэдээ байхад зовлон бүү хэлээ

Ижийгээ дэргэдээ байхад зовлон бүү хэл

Ирж яваа цагийн чинь салхийг хүртэл бүлээцүүлж

Эдэлж яваа жаргалын чинь зовлонг хүртэл хуваалцаж

Эрхээ эргүүлэх тоолондоо нүглийг чинь нимгэлдэг болохоор

Ижийгээ дэргэдээ байхад зовлон бүү хэлээ

Аавыгаа дэргэдээ байхад шалтаг бүү тооч

Алдаж эндэх бүрд чинь чамаас илүү шаналж

Амьдралын хэцүү бүхнийг бага ч гэсэн хөнгөлж

Атираа нэмэн зовнихдоо ирээдүйг чинь боддог учраас

Аавыгаа дэргэдээ байхад шалтаг бүү тоочоо

Ханиа дэргэдээ байхад ганцаардаж бүү гунь

Хатуу хэцүү бүхнийг хатан ухаанаар залж

Хар цагаан хорвоод хувиршгүй үнэнээр хайрлаж

Хан тэнгэр нурлаа ч чамайг л тэвэрч хоцрох учраас

Ханиа дэргэдээ байхад ганцаардаж бүү гуниа

Үрээ дэргэдээ байхад шантарч бүү буц

Үр чинь үлддэг орчлонд нэрээ цэвэр байлгаж

Үргэлжлүүлж бичих түүхийг нь үнэний жимээр хөтөлж

Үртэй хүн л амьдралд хамгийн баян нь байдаг болохоор

Үрээ дэргэдээ байхад шантарч бүү буцаа

Хайртай бүхнээ дэргэдээ байхад зовлон бүү хэлээ
Хамгийн баян хүн чи л учраас шалтаг бүү тоочоо

ОЗаяа