Хөгжлийн банк эх үүсвэр татан төвлөрүүлэлт, мөнгөн хөрөнгийн удирдлагын асуудлыг “Үйл ажиллагааны хамрах хүрээнд үндсэн зорилго, ашигт ажиллагаанд нийцсэн, хямд өртөгтэй эх үүсвэр татан төвлөрүүлсэн эсэх”, “Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай, эрсдэлгүй удирдсан эсэх” зорилтын хүрээнд МУХБ-ны 2012-2017 оны хугацаанд татан төвлөрүүлсэн эх үүсвэр, тэдгээрийн удирдлагыг Аудитын ерөнхий газраас шалгасан. Шалгалтын дүнг хүргэж байна.

Евро бонд:
Засгийн газрын 2011 оны 85 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын баталгаатайгаар 2011 оны 11 дүгээр сард 600.0 сая ам.долларын евро бондыг гаргаж 1 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй 20.0 сая ам.долларыг 2011 оны 12 дугаар сард, 2012 оны 03 дугаар сард 5 жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй 580.0 сая ам.долларыг төвлөрүүлсэн байна.
МУХБ-ны Монголбанк дахь ам.долларын харилцах дансанд холбогдох шимтгэлийг суутгасан дүн  болох 19.8 сая ам.доллар 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, 578.4 сая ам.доллар 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус тус шилжин орсон байна.

Чингис бонд:
УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолоор эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлого арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны 5.0 тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын үнэт цаасыг 2012-2014 онуудад үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалахыг зөвшөөрсөн ба уг хөрөнгийг нийгмийн халамжийн аливаа үйлчилгээ болон улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөхөөс бусад эрдэс баялаг, зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, барилга, банк санхүү, аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулахыг Засгийн газарт даалгасан байна.
Энэ хүрээнд нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг дараах үндсэн нөхцөлтэйгөөр авчээ.

Сангийн яамны дансанд Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авснаас 5 сарын дараа Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк харилцан тохиролцож 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01/12/3/88 дугаар “Санхүүгийн зуучлалын гэрээ”-г байгуулсан байна.
Уг гэрээнд санхүүгийн зуучлалын хүрээнд хөрөнгө эзэмшигч талууд 1.5 тэрбум хүртэлх ам.доллар болон түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн эх үүсвэрийг жилийн 4.7917 хувийн хүүтэйгээр тухай бүрд Хөгжлийн банканд байршуулахаар заасны дагуу Хөгжлийн банкны Монголбанк дахь дансанд 2,021.25 тэрбум төгрөг, 269.9 ам.долларыг нийт 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна.

Самурай бонд:
Засгийн газрын 2013 оны 417 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны ТУЗ-д Японы Олон Улсын хамтын ажиллагааны банк /JBIC/-ны баталгаатай 30.0 тэрбум иентэй тэнцэх хэмжээний “Самурай” үнэт цаасыг 10 жилийн хугацаатай, гадаад валютаар, хаалттай хэлбэрээр Япон Улсын үнэт цаасны зах зээл дээр гаргахыг зөвшөөрчээ.
Тус бондыг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр жилийн 1.52 хувийн хүүтэйгээр арилжаалж, үндсэн эх үүсвэр болох 30.0 тэрбум иенээс холбогдох зардлыг суутгуулж 24.3 тэрбум иен 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Хөгжлийн банкны Монголбанк дахь дансанд орсон байна.

Кредит Свисс банкны зээл:
Засгийн газрын 2014 оны 117 дугаар тогтоол, Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2014 оны 41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хөгжлийн банк, Швейцарийн Кредит Свисс банктай арьс ширний үйлдвэр, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр 300.0 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулжээ.
МУХБ зээлийн санхүүжилтийн эхний хэсэг болох 5 жилийн хугацаатай, 6 сарын лайбор +4.375 хувийн хүүтэй 180.4 сая ам.долларыг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, үлдэгдэл хэсэг болох 115.0 сая ам.долларыг 3 жилийн хугацаатай, 6 сарын лайбор +4.25 хувийн хүүтэй 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан.

Каргилл санхүүгийн байгууллагын зээл
Засгийн газрын 2016 оны 50 дугаар тогтоол, Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2016 оны 17 дугаар тогтоолоор Каргилл олон улсын санхүүгийн байгууллагатай экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 75.0 сая ам.долларын зээлийн гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 10-нд жилийн 9.5 хувийн хүүтэйгээр хоёр жилийн хугацаатайгаар байгуулжээ.
Гэрээний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 22-нд 75.0 сая ам.долларыг Хөгжлийн банк нь Монгол банк дахь дансандаа хүлээн авч 2018 оны 4 дүгээр сард эргэн төлөлтийг хийжээ.

БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл:
БНХАУ-ын Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд БНХАУ-ын оролцоотой төслүүдийг санхүүжүүлэхэд хамтран ажиллах, Чингис бондын эх үүсвэрээс санхүүжүүлсэн зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулагдах 8 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, 162.0 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан байна.

Бусад эх үүсвэр:
Бусад эх үүсвэрээс 2012-2014 онуудад 29.9 сая ам.доллар, 53.1 сая еврогийн зээлийн шугам нээлгэсэн байна. Үүнд:
1. Засгийн газрын 2012 оны 99, 119 дүгээр тогтоол, 2014 оны 202 дугаар тогтоол, МУХБ-ны ТУЗийн 2015 оны 29 дүгээр тогтоолыг үндэслэн “Дулааны 4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр суурилуулах турбогенератор худалдан авах, суурилуулахад шаардагдах хөрөнгийг дахин санхүүжүүлэх”, хоёр орны бараа, үйлчилгээний экспортыг санхүүжилтийн хэлбэрээр дэмжих, харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх зорилготойгоор ОХУ-ын Внешэкономбанкаас 6-8 жилийн хугацаатай, 2.5-7.16 хувийн хүүтэй, 29.9 сая ам.долларын зээл авсан.

2.Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоол, МУХБ-ны ТУЗ-ийн 26 дугаар тогтоолыг үндэслэн “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ХБНГУ-ын Коммерц банктай 13.1 сая еврогийн санхүүжилтийн гэрээг байгуулсан байна.
3. Засгийн газрын 2015 оны 93 дугаар тогтоол, МУХБ-ны ТУЗ-ийн 2015 оны 30, 98 дугаар тогтоол, 2016 оны 31 дүгээр тогтоолуудыг үндэслэн ОХУ-ын ВТБ банк 7 жилийн хугацаатай, 6 хувь+Euribor 3M хүүтэй, 20.0 сая хүртэлх еврогийн зээлийн шугам нээсэн.
4. Засгийн газрын 2015 оны 319 дүгээр тогтоолыг үндэслэн Олон улсын хөрөнгө оруулалтын банктай 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хоёр банкны санхүүгийн боломжийг үр дүнтэй ашиглах, харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгон хөгжүүлэх замаар урт хугацаанд хамтрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор “Стратегийн түншлэлийн гэрээ” байгуулан, 7 жилийн хугацаатай, 6 хувь+Euribor 3M хүүтэй, 20.0 сая хүртэлх еврогийн зээлийн шугам нээсэн.
5. Засгийн газрын 2015 оны 344 дүгээр тогтоолыг үндэслэн АСЕМ буюу Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажилд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор нийт 233.4 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргасан байна.