Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцлоо.

Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Орон нутгийн удирдлагууд холбогдох хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх  ямар асуудал байгаа талаар мэдээлэл солилцлоо.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цахим хурлыг цаашид тогтмолжуулж, хөдөө, орон нутгийн удирдлагууд заавал Улаанбаатарт ирж асуудлаа шийдүүлэх биш, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргахгүйгээр богино хугацаанд мэдээлэл солилцох, шийдвэр гаргах үр дүнтэй ажил болгох хэрэгтэй гэдгийг хурлын эхэнд онцоллоо.

Өнгөрсөн сарын 21-нд бүх шатны Засаг дарга нарыг хамруулсан “Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг Засгийн газраас Төрийн ордонд зохион байгуулах үеэр Ерөнхий сайдаас өгсөн 27 үүрэг, даалгаврыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг ойрын үед эргэж танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар боловсруулж байгаа Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрийг дөрвөн жилээр бус, тав, таван жилээр төлөвлөсөн 2020-2045 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт аймаг бүр өөрийн онцлогоо тусгасан, цаашид тухайн орон нутагт юунд суурилж хөгжих талаарх саналаа ирүүлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өглөө.