Монгол улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор нэгэн зэрэг ажиллах сургалтыг жил бүрийн 3 дугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил уг өдөр 21-нд тохиож байгаа бөгөөд 16:00 цагт улс даяар нэгэн зэрэг зохион явууллаа. Энэ үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагддаг. Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах,түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газраас энэ дадлага, сургуулийг 9 дэх жилдээ зохион байгууллаа.

Гамшгийн аюул тулгарсан үед аж ахуйн нэгж байгууллагын бэлэн байдлыг хангуулах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой тус үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын хамт олон оролцож бэлэн байдлаа шалгуулж заасан цэгт цугларлаа.

Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй тул иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, гамшгийн үед хэрэглэх гар чийдэн, эмийн сан, хоол хүнс, дулаан хувцас, бичиг баримт зэрэг шаардлагатай зүйлийг бүрдүүлсэн байх ёстойг дадлага сургуулилтын үеэр аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.