Өнөөдөр Сэлэнгэ аймгийн өсвөр үе залуучуудын аварга шалгаруулах сумо бөхийн анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сэлэнгэ аймгийн ЗДТГ, БТСГ, Монголын сумо бөхийн холбоо, Сэлэнгэ аймгийн сумо бөхийн холбоо хамтран анх удаагаа зохион байгуулсан тэмцээнд манай аймгийн сумдын 60 гаруй тамирчид хүч бяраа үзэн өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Жин тус бүрийн аваргууд улсын аваргын эрхээ авав. Улсын аваргадаа сайн барилдвал арлын Япон орныг зорих том боломж нээгдэх юм.

Аймгийн сумо бөхийн холбоо Сэлэнгэ нутгаас гаралтай нутаг усаа гэсэн сэтгэлтэй залуучуудын сэтгэл итгэлээр байгуулагдаад удаагүй байгаа ч анхны тэмцээнээ ийнхүү амжилттай зохион байгууллаа. Тэмцээний үеэр жин тус бүрийн аваргуудаас бүрдсэн Сэлэнгэ аймгийн баг, Дархан-Уул аймгийн баг тамирчидтай халз барилдаан хийж ялалт байгууллаа. Эх орон нутаг усныхаа нэрийг дуурсган мандуулсан олон хүчитнүүд энэ тэмцээнээс төрөн гарах болтугай.